Манхан суманд байгуулах Эрэн хайх, аврах бүлгийн байрны асуудлыг шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-21 15:13:52

Ховд|МОНЦАМЭ| Монгол Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, Онцгой байдлын газар, анги, салбарын үйл ажиллагаа, Манхан суманд шинээр байгуулагдах гал түймэр унтраах, эрэн хайх, аврах бүлгийн бэлтгэл ажлын явцтай танилцах зорилгоор нэгдүгээр сарын 18-ны өдөр Ховд аймагт ажиллаж, цаг үеийн  тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэв.


Тухайлбал, Манхан суманд Засгийн газрын 2017 оны 192 дугаар тогтоолоор байгуулагдах “Эрэн хайх, аврах бүлэг”-ийн байрны асуудлыг шийдвэрлэж, сумын спорт цогцолборын нэг жигүүрийг тохижуулан оруулж, үйл ажиллагааг нь энэ оны II улиралд багтаан эхлүүлэхээр боллоо.


Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүн Зэрэг сумын Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус анги нь Чандмань, Дарви, Мөст, Манхан зэрэг сумдын нутаг дэвсгэрт гарсан аюулт үзэгдэл, ослын үед гамшгаас хамгаалах үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй шуурхай үзүүлж, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Энэ үеэр Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн салаан захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч ахлах ахлагч Г.Амармэнд, С.Доржбат нарыг дэслэгч цолоор шагнав.


Түүнчлэн Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай уулзаж, Онцгой байдлын байгууллагын 2019 онд дэвшүүлсэн зорилт, алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал солилцов. Аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд 24 айлын орон сууцыг барьж байгаа бөгөөд барилгын ажил 80 хувьтай явагдаж байгааг энэ үеэр мэдээллээ. 


Мөн аймгийн Засаг даргын орлогч, Онцгой комиссын орлогч дарга Т.Жаргалсайхан болон аймгийн Онцгой комиссын зарим гишүүдтэй уулзаж, аймаг орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар үүрэг чиглэл өгөв. Энэ үеэр аймгийн удирдлагууд “Бадамлах дөл” компанийн дулааны шугам сүлжээг бүрэн шинэчлэх, Ховд дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардагдах төсөв санхүүгийн асуудалд дэмжлэг үзүүлэх, зарим сумдын түргэн тусламжийн машиныг шинэчлэх, хөдөөгийн 16 сумын Эрүүл мэндийн төвийг цахилгааны нөөц эх үүсвэртэй болгох зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.


Н.Лхагва


 

相关新闻