Зээл авсан ноолуурын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-27 18:25:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж буй "Ноолуур" хөтөлбөрт оролцогч талууд 2018 онд хийсэн ажил, 2019 оны төлөвлөгөөний талаар өнгөрсөн баасан гарагт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн газар зөвлөлдлөө.

Хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮЯ, Хөгжлийн банктай хийсэн гэрээний дагуу тус банкны санхүүжилтээр ноолуурын 20 үйлдвэрт 188.2 тэрбум төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгоод байна. Зээл авсан үйлдвэрүүдийн ноолуур бэлтгэлийн хэмжээ өмнөх оныхтой харьцуулахад түүхий ноолуур 584.2 тонн (1.3 дахин), самнасан ноолуур 124.9 тонн (1.6 дахин)-оор өссөн байна. Мөн самнах үйлдвэрлэлийн хүчин чадал 33.8 хувь, ээрэх үйлдвэрлэлийнх 28.6 хувь, сүлжих үйлдвэрлэлийнх 42.7 хувиар өсөж, 1544 ажлын байр шинээр нэмэгдсэнийг уулзалтын үеэр мэдээлэв.

Ноолуурын салбарын 2018 оны нийт экспортын хэмжээг өмнөх оныхтой харьцуулахад 18,2 хувиар өсөж, боловсруулалтын түвшингээр задалбал, угаасан ноолуур 2.3 хувиар буурч, самнасан ноолуур 8.45 хувь, ээрмэл утас 140 хувь (3 дахин), бэлэн бүтээгдэхүүн 8.5 хувиар тус тус өссөнийг уулзалт дээр мөн дурдаж байв.


"Ноолуур" хөтөлбөрийн үйл ажиллагаанд оролцогч талууд болох Засгийн газрын яамд, хэрэгжүүлэгч байгуулагч, мэргэжлийн холбоод, боловсролын байгууллага, олон улсын төсөл, хувийн хэвшлүүдийн төлөөллүүд уулзалтын үеэр нэгдсэн ойлголттой болж, цаашид уялдаатай хамтран ажиллах боломж бүрдлээ.


Тодруулга: Засгийн газрын 2018 оны 47-р тогтоолоор баталсан "Ноолуур" хөтөлбөр нь ноолуурын бүрэн боловсруулалтын түвшинг 60 хувьд хүргэж, байгаль орчинд ээлтэй эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлж, эх орны ноолууран бүтээгдэхүүний олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ААН-үүдийг татвар, санхүүгээр оновчтой дэмжсэнээр ээрмэл утас үйлдвэрлэлийг 3-3,5 дахин өсгөж, ажлын байрыг тогтвортой хадгалан, 3600 гаруй ажлын байр шинээр бий болох, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн юм.

 

 

相关新闻