Сургуулийн ойролцоох хоёр замд хурд сааруулагч хийхээр болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ“Дэлхийн зөн” Олон улсын байгууллагын санхүүжилтээр Мандалговь хот доторхи хоёр замд хурд сааруулагч байршуулахаар болсон байна. Энэ нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй, ЕБС- ын сургуулийн ойролцоох зам байх ажээ.
Хичээлээ тараад гарцаар зам хөндлөн гарч явсан сурагч охиныг согтуу жолооч машинаараа дайрч, амь насыг нь хөнөөсөн хэрэг өнгөрөгч сарын сүүлчээр гарсан.Эл хэрэг хот доторх замын хурд сааруулагчтай холбоотой яриаг олон нийтийн дунд хүчтэй үүсгэсэн юм.
Мандалговь хот доторхи замууд, ялангуяа ЕБС-иудын ойролцоох замд хүүхдүүд машинд мөргүүлэх тохиолдол цөөнгүй гарч байсан ч хурд сааруулагч хийх талаар холбогдох төрийн байгууллагууд анхаарал хандуулаагүй ирсэн байна. Дээрхи хэрэг гарсны дараа аймгийн ИТХ-ын дарга С. Буджав, Мандалговь хотыг камержуулах төсөлтэй хамтатган хот доторхи замд хэвтээ цагдаа, гэрлэн дохио хийхээр өнгөрсөн онд хөрөнгө баталсан боловч Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн үүнийг дураараа хассан тухай олон нийтэд мэдэгдэж байв.
Хүүхэд машинд дайруулан амь насаа алдаж байж хурд сааруулагч хийх тухай ийнхүү хурцаар яригдаж эхэлсэн. Гэхдээ энэ удаа иргэндээ аюулгүй орчныг бүрдүүлж өгөх үүрэгтэй төрийн байгууллага нь бус олон улсын төрийн бус байгууллага ийнхүү санаачлан хийхээр болжээ.
Хурд сааруулагчийг “Эрдмийн далай”, “Хүмүүнлэг” сургуулийн дэргэдэх зам дээр хийнэ. Цаашид хурд сааруулагч хийх шаардлагатай 10 цэг хот доторхи замд байна.Энэ нь нийт 140 метр орчим болж байгаа бөгөөд үүнд 9 сая 100 мянга, анхааруулах тэмдэг хийхтэй нийлээд 12 сая гаруй төгрөг шаардагдах тооцоог ч Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс гаргажээ.
Т. Отгонтуяа