Ногоон байгууламж 80 гаруй га- гаар өргөжих төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-14 18:13:03

Энэ хавар Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн 15 га газарт улс, орон нутгийн хөрөнгөөр ойжуулалт хийнэ. Аймгийн Засаг даргын БОНХАЖ-ын сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээгээр 10 га талбайд орон нутгийн хөрөнгөөр мод тарих бол “Ногоон хэрэм” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд 5 га- г ойжуулах ажээ.

Энэ нь сүүлийн хоёр жилийнхээс буурсан үзүүлэлт болж байна. Гэхдээ  БНСУ- ын Гуяанг хотын санхүүжилтээр 2010 оноос эхэлсэн “Гуяангын төгөл”-ийг 10 орчим га-гаар өргөжүүлэх урьдчилсан төлөвлөлттэй, мөн  Дундговь аймгийн хөдөөгийн сум бүр өөрийн хөрөнгөөр 2500 мод, аймгийн төвийн Сайнцагаан сумын хувьд 5000 мод тарихаар төлөвлөж байгаа нь ногоон байгууламжийг багагүй өргөжүүлэхээр байна.  

Ингээд тооцоход энэ жил Дундговь аймгийн ногоон байгууламж нийтдээ 85 орчим га- гаар өргөжихөөр байгааг аймгийн БОАЖ-ын газраас мэдээлсэн юм.

Тус байгууллагын дэргэдэх мод үржүүлгийн алба өөрийн талбайгаас агч, шар хуайс, голт бор зэрэг 7 төрлийн модны 30 мянга гаруй суулгац бэлтгэн нийлүүлэх боломжтой бөгөөд үүгээр орон нутагтаа хийх ойжуулалтыг хангах юм байна.

2005 оноос хойш одоогийн байдлаар Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн 248 га газар ногоон байгууламжтай болжээ.

Т. Отгонтуяа

 

相关新闻