Монгол Улс олон улсад манлайлагчийн түвшинд ажиллах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-17 15:55:02

Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж буй ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын явцын талаар тус ассамблейн Ерөнхийлөгч Илкка Канерва мэдээлэл хийлээ.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей улс хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэдний өмнө тулгамдсан асуудлуудын шийдлийг эрэлхийлэх зорилготой. Бид хурлынхаа үеэр аливаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр өөрсдийн байгууллагын 10 зарчимд тулгуурласан зөвлөмж хэлбэрийн тогтоол гаргадаг. Одоогоор манай байгууллагад 57 гишүүн байна. Эдгээр улсын төлөөлөгч Монгол Улсыг намрын хурлыг зохион байгуулж, зочломтгүй хүлээж авсанд талархаж байгаа хэмээн ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Илкка Канерва мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр, Монгол Улс энэхүү хурлыг зохион байгуулж байгаа нь ЕАБХАБ-ын үндсэн зарчмуудыг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаагийн илрэл юм. Би энэхүү хурлын үер Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын даргатай тусгайлан уулзсан. Энэхүү уулзалтаас Монгол Улс ардчиллын замналд бат зогссон бөгөөд бусад орны туршлагаас судлахад бэлэн байгаа нь харагдаж байна. Монгол Улсын энэхүү хурлыг анх удаа зохион байгуулж байна. Тус улс манай байгууллагад нэгдээд 3 жил болж байгаа. Ийм богино хугацаанд хурал зохион байгуулж байгаа нь Монгол Улс идэвхитэй ажиллаж байгаагийн илрэл. Өөрөөр хэлбэл, Монгол Улс олон улсын хэмжээнд манлайлагчийн түвшинд ажиллах боломжтой гэдгийг харуулж байна. Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх чиглэлээр хийсэн томоохон алхам, ололт амжилтийг хараад бахархаж байна. Хурлыг зохион байгуулах чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргасанд нь талархаж байна.

Парламентын Ассамблейн хурлаар ОХУ болон Украйны хямрал, тероризмтай тэмцэх тухай, Сирийн дүрвэгсдийн талаар ярилцаж байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, хүний наймаа, ардчилал, хүний эрх, иргэний нийгмийг хөгжүүлэх чиглэлээр хэлэлцэж байна” гэлээ.

Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Өнөөдөр үдээс хойш болох хуралдаанаар Сирийн дүрвэгсдийн асуудлыг ярихаар төлөвлөжээ. ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей дүрвэгсдийн асуудлыг хэрхэн харж байна вэ. Энэ чиглэлээр тодорхой шийдвэр, тогтоол гаргах уу?

-Дүрвэгсэдийн талаар бид үдээс өмнөх хурлаар ярьсан. Мөн үдээс хойшхи хуралдаанаараа ч дэлгэрэнгүй хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Одоогоор тодорхой шийдвэр, тогтоол гаргаагүй байна. Хурлын төгсгөлд хэвлэлийн материал гаргана. Энэ материалд дүрвэгсэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээллэх болно. Манай гишүүн орнууд дүрвэгсэдэд маш их санаа зовж байгаа. Тиймээс энэ чиглэлээр идэвхитэй ажиллах нь тодорхой. Бид дүрвэгсэдэд ёс суртахуунтай хандаж, дэмжлэг үзүүлнэ гэсэн байр сууринд хүрсэн. Ойрын үед энэ чиглэлээр тусгайлан ярилцахаар төлөвлөж байна.

-Зүүн хойд Азийн бүс нутагт тулгамдаж байгаа гол асуудал юу байна вэ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна вэ?

-Энэ удаагийн хурлаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцсэн. Цаашдаа энэ бүс нутагт бидний зүгээс анхаарал хандуулах болно.

-Украйны асуудлаас болоод ОХУ, Евопын холбооны харилцаа хүндэрч байна. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-2 жилийн өмнө Украйны асуудал хөндөгдөж эхлэхэд манай байгууллага анхаарлаа хандуулж ирсэн. Энэ асуудлыг хэлэлцээрийн замаар шийдвэрлэх ёстой. Манай байгууллага ч аливаа асуудлыг хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг бүх талаар дэмжих болно. Манай байгууллага Украйн болон ОХУ-ын парламенттай шууд харилцаатай ажилладаг. Энэ удаагийн хурлын үеэр дээрх 2 улсын төлөөлөгчтэй уулзсан. Цаашдаа энэ асуудал эерэгээр шийдвэрлэгдэнэ гэж итгэж байгаа. Одоогоор аль нэг улс нь буулт хийх эсэх талаар тодорхой мэдээлэл хийгээгүй байна. Гэхдээ бид энхийн замаар шийдвэрлэхийн төлөө ажиллах болно. Энэ хоёр улсын төрийн тэргүүн энэ оны 10 сарын 02-нд Парист уулзана. Энэ уулзалтаар эерэг хандлага гарна гэж бодож байна.

- ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей хурлынхаа дараа тодорхой тогтоол гаргадаг. Өмнөх хурлуудын тогтоолын хэрэгжилт ямар байна вэ?

-Бид “Хельсинкийн +40” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөр манай байгууллагын зүгээс гаргаж байгаа шийдвэрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарах юм. Манай байгууллагад шинэтгэл хийхийн тулд маш олон хүмүүсийг энэ хөтөлбөрт хамруулж байгаа. Тус хөтөлбөрт эрдэмтэн судлаачид, улс төрчид идэвхитэй оролцож, олон улсын хурал, семинар зохион байгуулж байгаа. Үүнээс манай байгууллагыг хөгжүүлэх тодорхой шийдлүүд гарна гэдэгт итгэж байгаа. Цаашдаа аливаа шийдвэр болон үйл ажиллагаагаа хэрхэн хөгжүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр ажиллах болно. Аливаа шийдвэр гаргахад манай байгууллагын гишүүн 57 орон бүгд дэмжих ёстой. Нэг л гишүүн орон эсэргүүцсэн тохиолдолд шийдвэр хүчингүй болно. Ийм дүрмийн хүрээнд аливаа шинэчлэл хийх нь тун хүнд.

Ч.Ариунболд

相关新闻
注释