“Өсвөрийн парламент-2024" хөтөлбөрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-д хүргүүлэх тогтоолын төслийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2025-05-24 15:41:09

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. УИХ,  УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын скаутын холбоо хамтран 2021 оноос хойш үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2024” хөтөлбөрийн өсвөрийн парламентын нэгдсэн хуралдаан Төрийн ордонд боллоо.


Хуралдаанаар электрон тамхийг хязгаарлах тухай, парламентын боловсролыг хүүхдүүд, өсвөр үеийнхэнд таниулах мэдээллээр хангахтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, “Өсвөрийн парламент-2024” өсвөрийн парламентын хуралдааны тогтоолын төслийг баталлаа. Энэхүү тогтоолоо хууль тогтоох дээд байгууллагад хүргүүлэхээр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад гардуулсныг УИХ-ын ХМГ-аас мэдээлэв.



“Өсвөр үе-Эрүүл мэнд” сэдвээр зохион байгуулсан энэ удаагийн хөтөлбөрт 800 гаруй хүүхдээс шалгарсан 126 сурагч оролцлоо. Оролцогчдын 45 нь эрэгтэй, 81 нь эмэгтэй бол 12 нь есдүгээр, 36 нь аравдугаар, 78 нь 11 дүгээр ангийн сурагч байв. “Өсвөрийн парламент-2024” хөтөлбөр зургаан сарын турш үргэлжилж, 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл “Өсвөр үе-Эрүүл мэнд” сэдвээр сурч мэдсэнээрээ дүүрэг, аймаг, сумандаа нөлөөллийн ажлыг хийсэн.

Энэ удаагийн өсвөрийн парламент нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн,  Хууль зүй, төрийн байгуулалтын, Нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Төсөв, эдийн засгийн байнгын хороотойгоор  тус бүрдээ хэлэлцүүлэг өрнүүлж, саналуудаа нэгтгэн “Өсвөрийн парламент-2024” өсвөрийн парламентын нэгдсэн хуралдааны тогтоолын төслийг боловсруулсан юм. 



Оролцогчид ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад эрүүл хоол хүнсээр үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал хэмээн үзэж, төслийн 1 дүгээр заалт болгон томьёолжээ. Хуралдаанаар “Эрүүл мэндийн эрт илрүүлгийг үндэсний бодлогод тусгах" тухай хэлэлцэх үеэр Сүхбаатар дүүргийн оролцогч М.Энгүүн сургууль бүр асран хамгаалагч, сургуулийн ажилтан, сурагчдын төлөөлөл бүхий эрүүл мэндийн клуб байгуулж, сургуулийн орчиндоо үйл ажиллагаа явуулах, цахим, нийгмийн сүлжээгээр нөлөөллийн ажил хийх боломжтой гэв. Булган аймгийн Сайхан сумаас сонгогдон оролцож буй Г.Наранцацралт орон нутаг дахь сургуулиудын ариун цэврийн өрөөний орчныг сайжруулах, хаалгыг стандартад нийцүүлэх, сургуулийн орчинд хичээлийн бус цагаар давтлага, сургалтад хамрагдах үедээ ариун цэврийн өрөөг ашиглах боломжтой байхад анхаарахыг төсөлд тусгах нь зүйтэй гэлээ. Дархан-Уул аймгаас сонгогдон оролцож буй Н.Сарнай өвөл зарим сургуулийн сурагчид гадуур хувцастайгаа хичээллэх болдгийг тайлбарлаад, сургууль бүрийн халаалтыг стандартад хүргэх санал гаргалаа. Мөн өвлийн улиралд сургуулийн орчинд халтиргаа, гулгаа ихсэж хүүхдүүд их гэмтдэг учир энэ нөхцөлийг сайжруулж, шаардлагатай бол тусгай арга хэмжээ төлөвлөдөх саналыг хэлж, төслийн холбогдох заалтад тусгах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. 

相关新闻