Засгийн газрыг батлан даалт гаргаж өгөхийг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-03-15 17:08:40

Ахмад настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон сууцанд орох хэрэгцээ шаардлагад нийцүүлэн “Сөгнөгөр хайрхан” компани Дархан-Уул аймгийн Дархан сум, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгонд орон сууц барих төслийг 3-4 жилийн өмнөөс эхлүүлээд буй.

Тус компани нь 2012 онд Дархан-Уул аймагт 285 ахмадаас захиалга авч, урьдчилгаа 380-аад сая төгрөгөөр суурь нэгдүгээр давхрын бүтээн байгуулалтаа дуусгасан ч ажлаа үргэлжлүүлж чадалгүй өнөөдрийг хүрчээ. Арилжааны банкууд барилгын салбар дахь зээл олголтыг зогсоосон учраас барилгын ажил бүрэн зогссон байна.

“Сөгнөгөр хайрхан” компанийн захирал Т.Энхболд, "Унгарын "Экзим" банкинд хандсан, тус банкны 100 хувийн шаардлага хангаж байгаа. Гол нь Засгийн газраараа баталгаа гаргаад ирэх юм бол зээл олгоно гэсэн. Тийм учраас Засгийн газар энэ асуудалд анхаарлаа хандуулж, дэмжээсэй гэж хүсч байна. Хэрвээ гадаадын банкинд баталгаа гаргахад хүнд байгаа бол Монголынхоо банкинд батлан даалт гаргах боломж бий. Барилга ашиглалтад ороход гэрээ байгуулсан ахмадууд үлдэгдэл хувиа ипотекийн зээлд хамрагдаад төлчих юм” гэлээ.

Тиймээс "Сөгнөгөр хайрхан" ХХК нь Засгийн газар болон Барилга, хот байгуулалтын яаманд батлан даалт гаргах тухай албан тоот хүргүүлсэн бөгөөд эерэг хариу өгнө гэдэгт найдаж байгаагаа хэвлэлийнхнээр дамжуулан уламжлав.

Э.Бат-Уянга

相关新闻