Хөдөө аж ахуйн салбарынхан тэргүүлэх зорилтоо тодорхойлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-16 09:32:53

Малын тэжээлийн ургамлын тариалалт, тэжээл үйлдвэрлэлийг урьд оныхоос 10 хувиар нэмэгдүүлж, төв суурин газрын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор мах, сүүний хосолмол ашиг шимтэй аж ахуйг таваас доошгүй байгуулна гэж Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн салбарынхан энэ онд зорилго тавьсан байна.

Өнгөрсөн онд орон нутгийн хөгжлийн сангийн 120 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дэрэн сумын нутаг дахь бэлчээрийн ургамлын тариалалтын талбайг усалгааны системтэй болгож, тариалалт хийснээр 30 гаруй тонн ургац авсан. Мөн тариалалтын талбайн дэргэдэх тэжээлийн үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулж, шинэ ургацаар малын тэжээл үйлдвэрлэн, аймгийн аюулгүйн нөөцөд хүлээлгэн өгсөн нь Дундговь аймгийн хувьд үр дүнтэй шинэлэг ажил болсон юм. Энэ ажлыг 2016 онд дахин 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр мөн орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө төсөвлөжээ.

Үүнээс гадна үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан мах,сүүний эзлэх хувийг нэмэгдүүлэх, дархлаажуулалтад хамрагдах мал сүргийн тоо толгойг нэмэгдүүлж, малын халдварт өвчинтэй тэмцэх бэлэн байдлын чадавхийг дээшлүүлэх, паразиттах өвчнийг бууруулж, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийг ариун цэврийн магадлан шинжилгээ хийх чадвартай болгож, оношлогооны дэвшилтэт аргуудыг нэвтрүүлэх, орон нутагт тариалсан хүнсний ногоо, жимс жимсгэнийг худалдаалах цэгийг Мандалговь хотод байгуулах зэргээр тэргүүлэх 9 зорилт дэвшүүлж, хөдөө аж ахуйн салбарын ажилтнуудын ээлжит зөвлөгөөнөөр баталсан байна.

Т. Отгонтуяа

 

相关新闻