" Говийн жонон" хүүхдийн бүжгийн наадам болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬМонголын язгуур бий биелгээний нэрт мастер бүжиг дэглээч Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Нанжидийн нэрэмжит “Говийн жонон” хүүхдийн бүжгийн наадмыг 26 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Уг бүжгийн наадам нь бүжгийн урлагийг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, хүүхдэд соёл урлагийн боловсрол олгох, хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бүжгийн авъяасыг нээн илрүүлэх, хамгийн гол нь говь нутгийн тодотголтой говийн жонон бүжгийн наадмыг алдаршуулах зорилгын хүрээнд Өмнөговь аймгийн ХЖТ-ын Бүжиг ангиас зохион байгуулсаар иржээ.
Ийнхүү 26 дахь жилдээ зохион байгуулагдах “Говийн жонон” хүүхдийн бүжгийн наадам ирэх 4 сарын 16,17-нд болохоор тов нь гарчээ. Бүжгийн наадам цэцэрлэгийн нас, сургуулийн нас гэсэн 2 насны ангиллаар гоцлол хамтлаг бүжгийг тус бүрд нь шалгаруулах юм байна.
Энэ жилийн наадмын гол онцлог нь Говь нутгийн зан үйл, ёс заншил, онцлог, бүжгийн жаяг дэгийг харуулсан “Говь шанхын жонон”, “Балдан засгийн жонон” бүжгүүдийг хүүхэд багачуудад зааж сургах, өвлүүлэх зорилгоор оруулж байгаа ба 2 бүжгийн аль нэгийг оролцож байгаа сургууль, цэцэрлэгийн гоцлол бүжигчид заавал хийх зарчмыг оруулж байгаа ажээ.
Өмнөговь аймаг Н.Золбаяр