Аймгийн музей “Монгол цэрэг” үзмэр дэлгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь хотод аж төрж буй Монгол Улсын хошууч генерал Ж. Содном гуайн ажил, амьдралын намтар түүхийг харуулсан гэрэл зураг, эдлэл хэрэглэл бүхий үзмэрийг аймгийн Музей дэлгэжээ. Музей маргааш тохиох Монгол цэргийн өдөрт энэ удаагийн сэдэвчилсэн үзмэрээ зориулсан байна.
Ажил, амьдралынхаа бүхий л цаг үеийг ард түмнийхээ амар тайваны төлөөх үйлсэд зориулж ирсэн буурал генералын намтар түүхээс Монгол улсын Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэгэн он цагийг хөвөрдөхөөр байна. Ялангуяа түүний гэрэл зургийн цомгууд үзэгчдийн сонирхлыг ихэд татжээ.
Ж. Содном генералаас гадна аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Зэвсэгт хүчний 278 дугаар ангийн түүхэн замнал, өнөөгийн ажил үйлсийг мөн “Монгол цэрэг” хэмээх энэ үзмэрт харуулсан байна.
Сар бүр тодорхой нэг сэдвээр ингэж үзмэр дэлгэн үзүүлэх нь ялангуяа хүүхэд, залууст танин мэдэхүйн ач холбогдолтой байдаг. Нөгөө талаар музей сонирхох үзэгчдийн урсгалыг нэмэгдүүлдэг гэдгийг музейн захирал М. Бямбажав хэлсэн юм. “Монгол цэрэг” үзмэр ч гэсэн өсвөр залуу үеийнхэнд цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулах зорилготой гэлээ.
“Монгол цэрэг” үзмэр энэ сарыг дуустал үргэлжилнэ.
Т. Отгонтуяа