Айраг суманд хээрийн түймэр гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-ны орой зургаан цагийн үед Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн нутаг төмөр замын 30 дугаар зөрлөгөөс зүүн хойш, сумын төвөөс 50 орчим км-т хээрийн түймэр гарчээ.
Гал түймэр гарсан тухай мэдээллийг орон нутгийн иргэд Айраг сум дахь гал унтраах 23 дугаар ангид өгснөөр онцгой байдлын албан хаагчдын бүрэлдэхүүн дуудлагын дагуу ажиллаж эхэлсэн бол сумын ЗДТГ-аас түймэр гарч ойр орчинд аюултай байдал нүүрлэсэнтэй холбогдуулан иргэдийг дайчлах, шаардлагатай хувцас, цохиур, машин техник, ус зэргийг бэлтгэх арга хэмжээ авсан байна.
Нөхцөл байдал ямар байгаа талаар Айраг сумын ИТХ-ын дарга Б.Туулайхүүгээс тодруулахад, “Аймгийн Онцгой байдлын болон манай сумын аврах гал унтраах 23 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд шуурхай ажилласны үр дүнд богино хугацаанд гал түймрийг цурманд орууллаа.
Одоо онцгой байдлын алба хаагчдаас гадна Айраг, Алтанширээ, Сайншанд сумын 100 гаруй иргэн түймрийг унтраах ажиллагаанд оролцож байна” гэв.
Албаны эх сурвалжийн мэдээллээр нутгийн айл цогтой үнс хээр хаяснаас түймэр гарах шалтгаан болсон байж болзошгүй аж. Гэвч хэргийг хууль хяналтын байгууллагын алба хаагчид шалгаж байна.
Говьд хур тунадас бага, цаг агаар хуурайшилт ихтэй төдийгүй мөн салхины хурд ч их байна. Гал гарсан энэ өдөр маш их салхитай байсан талаар нутгийн иргэн мэдээлэв.