Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт шашны нөлөө ороогүй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛСургуулийн өмнөх боловсролын "Цөм" хөтөлбөрийн шинэчлэлийн багийнхан өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийх үеэрээ цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт Мүүний шашны нөлөө ороогүй гэж мэдэгдлээ.
БСШУ-ны сайдын баталсан уг хөтөлбөрийг боловсруулахад 300 гаруй багш, эрдэмтэн, судлаач оролцжээ. Тус хөтөлбөрийн зорилго нь хүүхэд бүрийн бүтээлч, бие даах сэтгэлгээг хөгжүүлэхэд багш, судлаач, эцэг эх хамтран ажиллахад чиглэгддэг. Өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлсэн уг хөтөлбөрийн хэрэгжилт сайн байгаа бөгөөд хүүхэд цэцэрлэгтээ дуртай болох, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бие даан өөрөө өөртөө үйлчлэх зэрэг ахиц дэвшил гарч байгааг тус багийнхан онцлов.
"Цөм" хөтөлбөр боловсруулсан багийн ахлагч Н.Норжхорлоо энэ үеэр хэлэхдээ бага насны хүүхдийн сургалтад шашны нөлөө орох боломжгүй гэсэн бол тус багийн гишүүн Л.Дэлгэрмаа, “Сургуулийн өмнөх боловсролын сургалтад шашны нөлөө орох нь Боловсролын хуулиар хориотой. Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүд үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүрэгтэй. Нийгэмд хардлага их байгаа энэ үед хэвлэл мэдээллийнхэн үнэн, бодитой мэдээллийг түгээх хэрэгтэй байна” гэв.
Э.Бат-Уянга