Эрүүл мэндийн байгууллага бүр тамхигүй орчин бүрдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-03-12 14:00:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд ДЭМБ-аас “Тамхидалтын эсрэг хувьсгал-Тамхигүй ажлын байр” олон улсын кампанит ажлын хүрээнд “Тамхигүй орчин бидний бахархал” уриан дор тамхигүй ажлын байранд нэгдэж Эрүүл мэндийн газрын даргад амлалт өгөн тунхаглал бичигт гарын үсэг зурлаа.

Тунхаг бичигт “Тамхины асуудлаарх Засгийн газрын бодлого, түүнчлэн нийгэм хүрээлэн буй орчиндоо эрүүл мэндийн тэгш бус байдлыг бий болгож буй тамхидалтын тархалтыг бууруулах санаачилгуудыг идэвхтэй дэмжин, тамхины утаанд өртөх, тамхины хэрэглээний хор хөнөөлийн талаарх баримт нотолгоо, тамхигүй цэвэр орчны эерэг ач холбогдлыг тасралтгүй, идэвхтэйгээр сурталчлан түгээж таниулна.

Мөн залуучуудыг тамхидалтын донтолтод урвуулан татаж буй тамхин бүтээгдэхүүнийг хориглох, зогсоох шуурхай үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ. Тамхины хор хөнөөл түүнээс үүдэх аюул заналыг багасгахын төлөө бидний хүрээлэн буй нийгэм, байгууллага хамт олондоо уриалан, тэдэнтэй хамтран ажиллана. Тамхидалтын эсрэг хувьсгалын манлайлагч нь “Тамхигүй ажлын байр”-ны бодлогыг хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагууд бид өөрсдөө байж тамхигүй хот, ажлын байрны бодлого, үйл ажиллагаанд идэвх санаачилгатай байж, харилцан туршлагаа хуваалцан, бие биеэ дэмжин, “Тамхигүй хот”-ын төлөө идэвхтэй ажиллана” гэжээ.

相关新闻