Цэргийн үүрэгтний үнэмлэхийг 80 залууст гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-14 11:53:00
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Аймгийн  ЗДТГ, Цэргийн штаб, МСҮТ хамтран 18 нас хүрсэн 80 залууст цэргийн үүрэгтний үнэмлэх гардууллаа. Үнэмлэх гардуулах ёслолын ажиллагааг Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Халх голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулжээ.

Энэхүү ажлыг залууст Монгол Улсын батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж цэрэг, эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг зорилгоор зохион байгуулж байна гэж Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь хэллээ.

Дашрамд дурдахад, цэргийн бэлтгэл үүрэгтний бүртгэлд 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид болон 18 нас хүрч буй залуус хамардаг байна.

相关新闻