Хүн ам, орон сууцны улсын тооллого 2020 онд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны улсын тооллого 2020 онд болохтой холбогдуулж, Хэнтий аймгийн тооллогын комиссыг байгуулж анхны хурлаа хийлээ.
Монгол Улс хүн ам, орон сууцны улсын тооллогыг арван жил тутам, завсрын тооллогыг таван жил тутам явуулдаг. Иймд аймгийн Засаг даргын захирамжаар хүн ам, орон сууцны тооллогын аймаг, сумын түр товчооны бүрэлдэхүүнийг томилж, журмыг баталсан ба ээлжит тооллогыг зохион байгуулж явуулах аймгийн тооллогын комиссыг байгуулсан байна.
Энэхүү тооллогыг Монгол Улс 11 дэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнөх онуудад хүн ам, орон сууцаа тоолохдоо уламжлалт буюу өрхийн гишүүн бүрээс асууж тоолж байсан бол энэ удаад уламжлалт арга болон төрийн байгууллагын мэдээллийн сангийн бүртгэлтэй уялдуулах хосолмол аргыг ашиглан явуулах аж. Улсын тооллогын товыг 2020 оны нэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнийн 00:00 цагт эхлүүлэхээр тогтсон байна.
Энэхүү тооллогын үр дүнд хүн амын тоо, өсөлт, харьяалал, үндэс, угсаа, нягтрал, суурьшил зэрэг хүн ам зүйн гол үзүүлэлтүүд тодорхой болно. Ингэснээр өнгөрсөн арван жилийн нөхцөл байдлыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгодгоороо чухал ач холбогдолтой юм.