Үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд товлолт вакциныг зайлшгүй хийлгэх шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-19 12:01:42

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Дөрөвдүгээр сарын нэгнээс улс даяар нэвтрэх пневмококк болон халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакцины сургалт гуравдугаар сарын 18-ны өдөр Алтай хотноо боллоо.

Тодруулбал, нийслэл хотод нэвтэрсэн хатгааны /пневмококк/ эсрэг вакцин болон дэлхий нийтийн халдварт саа өвчинтэй тэмцэх бодлогын хүрээнд улс даяар халдварт саагийн тарьдаг вакциныг таван сартай хүүхдүүдэд ирэх сарын 1-нээс хийж эхлэхтэй холбогдуулан энэхүү сургалтыг явуулж буй гэнэ. 

Дархлаажуулалт бүхий халдварт өвчин ялангуяа улаан бурхан, халдварт саа, хөхүүл ханиад, татран, гепатитийн төрлүүд гэх мэт товлолын вакцинтай өвчнүүдийн эсрэг вакциныг эцэг эх, эрүүл мэндийн ажилтнууд хамтран ажиллаж байж хүүхдээ хамруулах ёстой байдаг. Гэвч дээрх вакцинуудад хүүхдээ хамруулж чадаагүйгээс болж халдварт өвчин тусах эрсдэл гарч байгаа нь эцэг эхийн хариуцлагагүй байдалтай холбоотой юм. Вакцин нь нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээнүүдээс хамгийн хямд зардлаар халдварт өвчнөөс хамгаалах найдвартай шилдэг арга. Тиймээс эцэг эхчүүд эрүүл мэндийн ажилтнуудтайгаа хамтран, тэдний ажлыг хүндэтгэн үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд товлолт вакциныг зайлшгүй хийлгэх шаардлагатай юм хэмээн ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны их эмч С.Алтанчимэг мэдээлэв.

Уг сургалтыг Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Халдварт өвчин судлалын төв, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулж  Нэгдсэн эмнэлэг, сумдын Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдийн дарга, эмчлэгч эмч, ахлах сувилагч, вакцинатор нийт 90 гаруй хүнийг сургалтад хамруулсан юм.


       


相关新闻