ГОВЬ-АЛТАЙ: Шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-06-17 18:36:53

Говь-Алтай, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/.  Энэ өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас аймгийн төвд үерийн аюултай нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор тус аймгийн Онцгой комисс шуурхай хуралдлаа. 


Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс зургаадугаар сарын 17-нд шуурхай хуралдаж, гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах чиглэлээр нэн даруй арга хэмжээ авч эхэллээ.


Онцгой комиссын хурлаар үерийн голомтод байгаа багуудын айл өрх, албан байгууллагын нөхцөл байдлыг танилцууллаа. Одоогоор уулын үер аймгийн төврүү орж замын эвдрэл гэмтэл нэмэгдэх, үерийн суваг шуудуу сэтэрч гэр хорооллын айл өрхүүд усанд автах эрсдэл үүсээд буй аж. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч М.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж усны түвшин нэмэгдэж болзошгүй газруудад урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна. Мөн иргэдэд анхааруулга мэдээлэл хүргэх, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар холбогдох үүрэг чиглэл өгсөн юм.


Иймд иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүллээ.

相关新闻