Монгол хэл, бичгийн шалгалтыг 513 хүүхэд өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/. Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д Говь-Алтай аймгийн ЕБС-ийн 12 дугаар ангийн 513 сурагч оролцож 79,7 хувийн ирцтэй явуулжээ.
Энэ жил тус аймгийн ЕБС-ийн 12 дугаар ангийн нийт 643 сурагчаас шалгалтад 513 нь орсон бөгөөд, ЭЕШ-д бүртгүүлээгүй 128, хүндэтгэх шалтгаанаар хоёр сурагч оролцоогүй гэнэ.
Боловсрол, соёл урлагийн газраас монгол хэл, бичгийн шалгалтыг удирдамжийн дагуу зохион байгуулсан бөгөөд багийн ахлагч, сэдэв хариуцагч, хянагч багш нарын ахлагч, 8 зохион байгуулагч, 48 хянагч багштайгаар авсан юм. Шалгалтын явцад зөрчил, асуудал гараагүй ба тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын газар, Цагдаагийн газартай хамтран ажиллажээ.