Мэргэжил сонголт үйл ажиллагаа үр дүнд хүрсэн уламжлалт ажил болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ. Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын 33 сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн гурван төвийн 12-р анги төгсөгчид, тэдний эцэг эхчүүдэд зориулсан ”Мэргэжил сонголт-2019” арга хэмжээг Сэлэнгэ аймаг 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Мэргэжил сонголт үйл ажиллагаа нь төгсөх ангийн хүүхдүүдийн мэргэжлээ сонгох чиг баримжаанд дэмжлэг болж, элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджийг ахиулсан үр дүнд хүрч чадсан уламжлалт ажил болжээ. 33
сургуулийн удирдлага, багш нар, нийт 405 сурагч, эцэг эхчүүд хамарсан эл үйл ажиллагаанд БСШУСЯ, харьяа байгууллагууд, дэлхийн түвшинд
Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн шилдгийн шилдэг 10 их сургуулийн удирдлага,
нэртэй багш нарыг урьж оролцууллаа.
Энэ нь мэргэжлээ хэрхэн зөв сонгохоос гадна Монголын
болон дэлхийн томоохон их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах мэдээлэл, сургамж, зөвлөгөөг нэг дороос олж авах боломжийг бүрдүүлж
өгснөөрөө давуу талтай юм. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд мэргэжил
сонголт үйл ажиллагааг Монгол Улсын
хэмжээнд боловсролын салбарын нэгэн “брэнд” ажил болгон тасралтгүй амжилттай
зохион байгуулахад өөрийн хөдөлмөрөө зориулж яваа аймгийн
ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн боловсролын бодлогын асуудал хариуцсан ахлах
мэргэжилтэн Б.Оюуныг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат гадаад оронд туршлага судлуулах урилгаар шагналаа. Мөн тэрээр төгсөх ангийн сурагчдад хэрэгцээт мэдээллийг
багтаасан багц номыг 10 дахь жилдээ гардуулан өглөө.
Энэхүү үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, УИХ-ын гишүүн
Ж.Эрдэнэбат, С.Оюундарь нар оролцож төгсөгчиддөө амжилт хүслээ.