Зузаан цас ханзарч, мал ид төллөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЗудтай өвөлжсөн сумдын нутгаар цас хайлж, зарим газраа цасны дороос малын идэш гарч байгаа таатай мэдээг малчид дуулгалаа. Тухайлбал, хамгийн их цастай байсан Гурвансайхан сумын урд болон зүүн хойд хэсгээр цасан дор дарагдсан өвс гарч, мал бэлчээрт идээших боломжтой болсон байна. Дэрэн суманд ч мөн жалга хонхорыг эс тооцвол цас хайлчихсан, хойд хэсгээрээ бэлчээр сэргэжээ.
Одоогоор мал ид төллөж байна. Дундговь аймагт 1 сая 145 мянган эх мал төллөнө. Одоогийн байдлаар 30 мянга 950 гаруй нь төллөж, 29 мянга 780 гаруй төл бойжиж байгаа бөгөөд дээрхи хоёр сумын хувьд тус бүр 80 гаруй мянган мал төллүүлэхээс Гурвансайхан суманд мал төллөлт 40 гаруй хувьтай, Дэрэн сум 4000 төл хүлээн аваад байгааг сумын Засаг дарга нар хэлж байна.
Өвлийн хүндхэн цагт мал багагүй тамирдаж, эцэж турсан, үүнээс улбаалан жилбэ муутай төллөж байгаа ч ихэр төл олон мэндэлж байгаад малчид урамтай байна.Малчдад нэн хэрэгцээтэй байгаа нь малын өвс, тэжээл бөгөөд Гурвансайхан сумын хувьд нөөц дэхь багахан өвс, тэжээлд нь нэмэрлэж тус сумын нутагт уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Жи Пи Эф” ХХК 2 мянга гаруй боодол өвс өгсөн байна. Үүнийг 500 гаруй малчин өрхөд хуваарилан өгч байгаа бол Дэрэн сумын хувьд нөөцдөө 800 боодол өвс, 400 шуудай тэжээлтэй, түүнийгээ малчиддаа зээлээр өгч байгаа гэлээ.
Т. Отгонтуяа