Өлзийт сумынхан 100 га- д алтан харгана тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЭнэ жил Өлзийт сумынхан 100 га газарт алтан харгана үрээр нь тарина. ӨМӨЗО- ны Хянган аймгийн дэмжлэгээр өнгөрсөн онд арав орчим га газарт алтан харганын үр суулгасан бөгөөд энэ жил ийнхүү арав дахин их талбайг хамруулах юм байна.
Сумын Засаг дарга И. Эрдэнэбилэгээс энэ тухайд тодруулахад, “Алтан харгана тарихаар 15 хэсэг газрыг сонгосон. Бэлчээр, усны нөхцөл байдлыг харгалзаж ингэж хэсэгчилсэн бөгөөд цаашид ойр хавийн малчдад алтан харганын ургалт, хамгаалалтыг хариуцуулна” гэлээ.
Өнгөрсөн онд үр суулгасан арав орчим га талбайг ойролцоох “Цагаан суварга” жуулчны баазад хариуцуулсан бөгөөд 7 сарын сүүлчээр тарьсан гэхэд намрын сардаа үр соёолчихсон байжээ. Тиймээс алтан харгана говийн хөрсөнд амархан дасан зохицож ургах төдийгүй бэлчээрийг нөхөн сэргээж, цөлжилт, хөрсний эвдрэлийг сааруулахад үр дүнгээ өгнө гэсэн итгэлийг Өлзийт сумынхан өвөрлөж байна.
Алтан харганын үр болон хашиж хамгаалах торыг Хянган аймаг өгөх бол түүнийг тээвэрлэн авчрах зардлыг сум хариуцах юм байна. Хөдөлмөр эрхлээгүй иргэд болон малчдын хүчээр үрийг суулгаж, талбайг хаших ажээ.
Т. Отгонтуяа