Дорноговь аймгийн байгалийн гайхамшигт газруудаас танилцуулъя
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Дорноговьд ирсэн зочин гийчэд байгалийн болоод түүх дурсгалын ямар газруудаар аялж байгалийн сайхныг мэдэрч болох вэ? Мэдээж Хамарын хийд, Ханбаянзүрх хайрхан, Энергийн төв сэтгэл татна.
Үүнээс гадна гадаад дотоодын жуулчдын нүдийг хужирлаж эрдэмтэн судлаачдын анхаарлыг татдаг газрууд ч буй. Энэ удаа тус аймгийн байгалийн
есөн гайхамшгаас танилцуулъя.Орон нутгаас эдгээр газрыг тусгай хамгаалалтад авсан байдаг төдийгүй аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой бүс нутаг гэж үздэг.
Айраг сум. Цагаан дэлийн агуй
Агуй нь
Сайншандаас 125 км, сумын төвөөс 25 км, Нард багийн төвөөс 1О км-т оршдог. Баруунаасаа зүүн тийш 20 метр, хойноосоо урагш
45 метр, 12 метр орчим гүн, гар аргаар жонш олборлож байсан нүхнээс гэнэт эгц
доошоо үүсэн гарсан.
Агуй малталтаас үүссэн газрын доод давхаргын амнаас доош 4-5 метр өргөн, 8-9 метр гүн буух тавцантай бөгөөд эргэн тойрон гэр хэлбэрийн хөндийтэй.Уг хөндийгөөс цааш тахиралдсан нарийн нүхтэй том дугираг гэр хэлбэрийн хөндийнүүдтэй бий бөгөөд жилийн дөрвөн улиралд байнгын ус, мөстэй байдаг.
Уг агуйн орчимд хайлуур жоншны ордуудтай бөгөөд иргэд хууль бусаар амных нь болон дотор хананы жоншийг ашиглаж эвдэж сүйтгэсэн.
Уг агуй нь улсад хэмжээгээрээ хамгийн томд тооцогддог. Дотроо том амьтаны соёо, ханын сүг зураг байдаг бөгөөд бүрэн судлагдаагүй байгалийн сонин тогтоц бүхий газар аж.
Айраг сум. Нүдэнгийн хонхор
Нүдэнгийн
хонхор нь Сайншандаас 8О км,сумын төвөөс 43 км-т оршдог. Уг газарт Нүдэнгийн хадны завсараас гардаг ходоодонд сайн рашаан,
оролцоох тойрмоос нь ходоодонд сайн гэж амны хужир байдаг бөгөөд мал, хүн өргөнөөр хэрэглэдэг.
Зүүн талд нь Хөх өндөр хэмээх тахилгат овоо буй. Нутгийн иргэд жил бүр тахидаг. Цайдмын тойром болон Нүдэнгийн орчмоор байгалийн сонин дүрс тогтоц бүхий хад чулуутай.
Нүдэнгийн хийд 1945 оноос 1960 он хүртэл сэргээгдэн ном хурж байсан. Одоо бурхан шүтээн нь Гандан тэгчилин хийдэд очсон гэдэг. Нүдэнгийн хийдэд ноён хутагт Д. Равжаа Түгээмэл элбэгтийн хоёрдугаар оны хавар Далантүрүүгийн рашаан орох замдаа морилон саатаж байсан гэх яриа байдаг.
Нүдэнгийн хадны рашааныг ходоодонд сайн гэх бөгөөд рашааныг зөвхөн эрэгтэй хүн очиж авдаг. Хэрэв эмэгтэй хүн авбал ус нь ширгэдэг гэх яриа нутгийн иргэдийн тунд түгээмэл тархжээ.
Улаанбадрах сум. Баянбогд хайрхан
Говийн унаган төрхийг хадгалж үлдсэн, байгалийн өвөрмөц тогтоц
бүхий үзэсгэлэнт газрууд Дорноговь аймагт олон бий. Үүний нэг нь тус аймгийн
Улаанбадрах сумын төвөөс зүүн хойш 20-иод км газарт уудам хөндийд байх Баянбогд
хайрхан.
Эл хайрхныг Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 12 дугаар сарын 15-ны тогтоолоор аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэгээр баталжээ.
Далайн түвшнээс 1О53 метрт өргөгдсөн
Баянбогд уулыг 1997 онд байгалийн нөөц ангиллаар 30 га талбайтайгаар
аймгийн тусгай хамгаалалтад авсан байдаг.
Дөрвөн зүгтээ олон модтой сайртай голтой төдийгүй баруун талд
буй гурван амыг гурван харанхуй гэнэ. 15-30 метр өндөр хадан хавцал хясаатай.
Хойд талд нь шугам татсан мэт битүү шигүү ургасан буйлс хайлаас мод, өвс ургамалтай
амыг их харанхуй гэнэ. Энд төрөл бүрийн могойтой учир догшин гэлцдэг.
Уулын өндөрлөг тахилгат овооны оройгоос харахад дөрвөн зүг, найман зовхист
байгаа бүхэн тод харагддаг аж. Уулын олон хавцал, жалга, сархиаг хадан хавцал
нь байшин барилга мэт сүрлэг. Энд төрөл бүрийн хайлаас буйлс, алтан харгана,
зээргэнэ, бударга, шаваг, агь таана, агаруу, ганга, гашуун, чихэр өвс, тэсэг,
нохой шээрэн, таана, хөмүүл, хар өвс, таван салаа зэрэг эмчилгээний болон төрөл
бүрийн шимт ургамал ургадаг.
Бороо хур ихтэй жил хад, жалга бүрт ус тогтон мал амьтан ундаалдаг. Энэ ууланд
үнэг, чоно, аргаль, янгир ан амьтан элбэг тул 1960 оноос хойш гадаад дотоодын
зочид төлөөлөгчид ан амьтан агнахаар, үзэж сонирхохоор олонтаа ирдэг байжээ.
Уулын ойролцоох Хонгор, Бэрх, Салбар, Бага богд, Хавирга Зүрх,Хар овоо, Өндөр-
Улаан, Цэцэрлэгийн уул овоо нь үзэсгэлэн төгөлдөр бөгөөд араатан
амьтад, айл мал сүрэг нутаглахад аятай таатай аж. Тиймээс Баянбогд хайрхныг
говийн унаган төрхийг хадгалагч гэж үздэг байна.
Даланжаргалан сум. Их нартын хад
Их Нартын байгалийн нөөц газар нь 1996 онд батлагдсан бөгөөд тус ай\мгийн баруун хойд Даланжаргалан сумын нутагт 4З
000 га газрыг хамран байрладаг.
Байгалийн ер бусын бүлгэмдлийг тэтгэдэг. Энэ
нутгийн унаган экосистем,түүний биологийн олон янз байдал нь эко туризмыг
хөгжүүлэхэд сонирхол татаж Монгол Улсын
ШУА, АНУ-ын Денверийн зоологийн сантай хамтран 2ОО1 оноос хойш урт хугацааны
төсөл хэрэгжүүлж Америк, Орос, Герман, Монголын судлаачид, оюутнууд ажиллаж байна.
Их Нартын сэтгэл татам сүрлэг хадны тогтцууд, элэгдэж эвдэрсэн мэт хадан хавцал, хүний хараа булаам өвөрмөц тогтоц газар бөгөөд энд аргаль, янгир хар сүүлт, цагаан зээр, шонхор, бүргэдүүд болон нүүдлийн олон шувууд ихээр ирдэг, ус булаг шанд бүхий байгалийн онцлог нөөц газар юм. Улаанбаатар аас Чойрын засмал замаар машинаар 300 гаруй км явж ирнэ.
Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2010 оны тавдугаар сарын 12-ны 16 тоот тогтоолоор байгалийн дурсгалт газрыг
хамгаалалтад авч бүртгэжээ.
Дэлгэрэх сум. Цонжийн чулуу
Сумын төвөөс зүүн хойш 55 км-т орших Цонж толгой нь зургаан талт босоо
гонзгой бие биедээ наалдан ургасан зургаан талт харандаа мэт сонин сайхан тогтоцтой цэнхэр
чулуу, байгаль эхийн уран чамин урлалт жижиг уул юм.Эрт үед энэ
чулуунаас ухаж авч байсан ул мөр бий. Ухсан
хэсэг нь 3-4 метр гүнзгий жигд хэмжээтэй, нарийхан, урт шулуун чулууны
багц бөгөөд дээрээс нь харахад зүсмэл чулуун шал мэт.
Хүний гараар бүтээсэн 6 талт баганууд мэт
хүрмэн хөх чулуун байц хадууд , өндөр нь 6-7 м, өргөн нь 15-20 см хөх хүрмэн
чулуу юм. Асар их даралтад орж ийм багана үүсч талсжсан хэрэг. Үүнийг
нутгийнхан “Цонжийн чулуу “ гэдэг. Энэ
өмөрмөц уулыг аймгийн байгалийн нөөц газрын тусгай хамгаалалтад 1988 онд 18,0 га талбайтайгаар бүртгэн авсан
байна.
Хатанбулаг. Эргэлийн зоо
Эргэлийн зоог Монгол Улсын
Их хурлын 1996 оны 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад нөөц газрын
зориулалтаар авчээ.Ус нөөц газрын хилийн зааг нь Сангийн овоо, Баянзав,
Аман усны хяр, Аман Төгрөгийн худаг тэдгээрийн хоорондох тэмдэгт өндөрлөгүүдээр
тогтоосон байна.
Нийт 60 гаруй км урттай, өргөн нь 20 гаруй км үргэлжилсэн тэгш
өндөрлөг бүхий байгалийн сонин
тогтоцтой, палентлогийн олдвор ихтэй, эртний амьтдын үлдэгдэл бүхий нуурын хурдас
газар гэж үздэг.
Говийн энэ
газар нь 30 гаруй сая жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн
тэжээлтэн, загас, яст мэлхий, үлэг гүрвэл зэрэг сээр нуруутны үлдэгдэл ихтэй.
Америкийн эрдэмтэн И.Эндрюсийн ахалсан
экспедиц 1922- 1923 онд Эргэлийн зоо орчимд ажиллаж, хирс дүрст эртний хөхтөн амьтны
болон аврга том яст мэлхийн яс зэрэг маш ховор нандин олдворыг олж дэлхийд
гайхуулсан байдаг.
Эргэлийн зоо нь энгэр талаасаа алсаас өгсөх налуу харин ардаа эгц ирмэг бүхий 20-3О орчим метрийн өндөр ханан эрэг болон үргэлжилдэг. Энэ зоо орчимдоо нийт 60 шахам модлог өвс ургамал ихтэй буянтай нутаг юм.
Сумын төвөөс хойд зүгт 25 км-д оршино. Домогт өгүүлснээр эрт цагт Чингис хаан Эргэлийн зоо дээр гарч ан хийж яваад дэвссэн чинь орой нь тэгшхэн болсон гэх. Мөн энэ зоо дээрээс хоёр загал морио хайж хойд зүгт алсын бараа хартал нэгэн уул халхлаад байхаар харвасанд уулсын орой сэтэрчээ. Сэтэрсэн уул нь арван наймын Богд уул онь болсон гэх бөгөөд оройн хэсэг нь одоогийн Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байгаа Тоодог, Товруут гэдэг ижил өнгөтэй толгод үүссэн гэдэг домог бий . Эргэлийн зоо дээрээс арван наймын Богд уул сэтэрхий харагдана.
1944 оны зудын үеэр Дундговь, Өмнөговийн олон айл өрх Эргэлийн зоонд нүүж өвөлжөөд хавар нь буцахад таван мянга гаруй тэмээ идээшлэн байхад тохиромжтой өнтэй сайхан байжээ.
Эргэл хүрэн тэмээний омог өнгө зүстэй ашиг шим гаргуун сүрэг
бий. Энэ нутгаас хөдөлмөрийн баатар С.Чимэддорж нарын олон аварга малчид
төржээ.
Эргэлийн зооны овоог нутгийн ардууд, сум орон нутгийн удирдлагатай хамтран зургаагаас долдугаар сард тахиж, бөх барилдуулж, морь уралдуулан наадам хийдэг болжээ.
Эрдэнэ сум. Мөнхийн булаг
Сумын төвөөс 38 км зайтай Адрамгийн уулын баруун хэсэгт ар тийш харсан хайлаас модтой аманд
байдаг мөнхийн устай булаг юм.
Уулын аманд ан амьтан төрөл бүрийн хорхой, мөлхөгчид элбэг байдаг. Нэгэн домгоос үзвэл, нэгэн цагт хагархай Мөнх гэдэг хүн алга болж хэд хоногийн дараа булгийн усан дээр малгай, тамхины уут зэрэг нь хөвж байсан учир энэ хүний нэрээр нэрлэсэн гэх.
Булаг нь ширгэдэггүй. Учир нь мөнх устай гэснээс нэрлэгдсэн байж болох
учиртай. Энд байгалийн янз бүрийн элемент, хортой, хоргүй аварга болон суман
могой элбэг байдаг гэдэг.