Улсын техник, технологийн олимпиадад Дорноговийн баг амжилттай оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Энэ оны дөрөвдүгээр сарын 25-27-нд Улаанбаатар хотын Найрамдал зусланд болсон улсын техник технологийн XXIII олимпиадад Дорноговь аймгийн 12 багш, сурагч амжилттай оролцлоо.
Хорин нэгэн аймаг, есөн дүүргийн 270 багш, сурагч есөн төрлөөр оролцсон олимпиадад Сайншанд сумын ерөнхий боловсролын III сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Ганзориг дизайн технологийн төрөлд гуравдугаар байр, Сайншанд сумын ерөнхий боловсролын V сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Сугир усан загварын төрөлд дөрөвдүгээр байрт шалгарав.
Сайншанд сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн багш Ц.Батбаяр ”Дорноговь аймгийн баг тамирчид өмнөх жилүүдэд болж байсан тэмцээн уралдаанаас ганзага хоосон ирж байгаагүй. Багш сурагчдын авсан 20 гаруй медаль бий. Энэ удаа мөн л амжилттай оролцлоо. Биднийг тэмцээнд оролцоход дэмжиж тусалсан Дорноговь аймгийн ЗДТГ, Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Дорноговь салбар, БСУГ гээд дэмжиж тусалсан бүх хүнд талархал илэрхийлье. Багш сурагчид маань нутаг орноо, сургуулиа улсын хэмжээнд таниулж яваад ирлээ” гэв.
Олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдыг аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг нар хүлээн авч хүндэтгэл үзүүлэн шагнаж урамшуулав.
Дорноговь аймгийн ЗДТГ-аас техник технологийн улсын XXIII олимпиадад оролцох багш, сурагчдын хувцас, олимпиадад шаардлагатай хэрэглэгдэхүүнд зориулж 3.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.