Хугацаат цэргийн алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-02 00:00:38

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймаг дахь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, зууны манлай хилчин, дэслэгч генерал Б.Цэдэн-Ишийн нэрэмжит Хилийн 0243-р ангид 2018 оны 1-р ээлжээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ангийнхаа байлдааны тугийн дор мөргөх торгон мөч өчигдөр буюу 4-р сарын 30-ны өдөр боллоо.  

Сэлэнгэ аймаг дахь ХЦ-ийн 0243-р ангид 2018 оны 1-р ээлжээр Булган аймаг, Улаанбаатар хотоос цэргийн жинхэнэ албанд татагдан ирсэн алба хаагчид халаагаа өгөн нутаг нутгийн зүг хөлгийн жолоо залах үйл ажиллагаа сэтгэл хөдлөм баяр, нэг нэгэндээ уусан дассан эрчүүдийн нөхөрлөл, баярын нулимс, хоргодох сэтгэлийн уярал дунд болдог ажээ. Тиймээ эр хүн болж төрсөний хамгийн бахархалтай, дурсамжтай мөч бол яах аргагүй цэргийн албаа нэр төртэй хаагаад буцах мөч юм. Тэр дундаа хилийн цэрэгт алба хаасан хилчин дайчдын бахархан дурсах, омогшин ярих зүйл бусдаас онцлог бахдам байх нь аргагүй ээ.    

Аавын олон хөвгүүд ижил хувцасаар жигдрэн, зэрэгц командаар үүрэг гүйцэтгэн, нэг хүн шиг болтлоо ижилдэн дассан болохоор, бие хүн төлөвшин бий болоход цэргийн эрдэм асар их нөлөөтэй байдгийг алба хаасан дайчид ам бардам өгүүлж байна. Нүдний цөцгий мэт хайрлах ангийнхаа байлдааны туг дор мөргөн адислах ховорхон агаад сэтгэл хөдлөм торгон мөч олон тохиодоггүй ажээ. Угтан авч, үдэн мордуулдаг жил жилийн энэхүү үйл ажиллагаа нь хилийн гэх тодотголтой байгууллагын хувьд онцлогтой ажээ.


Ингээд хугацаат цэргийн алба хаагчдаа үдэх үйл ажиллагааны үеэр тус ангийн захирагч, хурандаа Б.Гантөмөрийн хэлсэн үгийн толилуулья:

-Тэрээр:”Монгол Улсынхаа дархан хил хязгаарын амар амгалан, аюулгүй байдлын төлөө нэг жилийн хугацаанд үр дүнтэй албаа хаагаад, эх нутаг, аав ээж, ах дүүсдээ очиж байгаа та нартаа энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Энэ нэг жилийн хугацаанд албаа нэр төртэйгээр бусдыгаа хошуучлан хаасан байлдагчдаа дурдахад таатай байна. Тухайлбал хилийн дэглэмийн зөрчлийг илрүүлсэн дэд түрүүч Г.Ганхуяг, түрүүч Б.Оюунбат, дэд түрүүч Г.Алтангэрэл, дэд түрүүч Б.Нямдорж, мөн ой тайгын бүсийн хилчдийн урлаг спортын наадамд амжилттай оролцож медаль хүртсэн дэд түрүүч Г.Төгөлдөр, дэд түрүүч Т.Түмэндэлгэр нартаа баяр хүргэе.

Орон нутгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд түрүүч Т.Түвшинтөр, ахлах түрүүч М.Сүхбат, хөл бөмбөгийн тэмцээнд түрүүч Г.Дөлгөөн нар маань амжилттай оролцсон.

Мөн анги байгууллагынхаа бүтээн байгуулалт, хилчин бид алба хаах өөрсдийн амьдрах нөхцөлөө сайжруулах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, аж ахуйн тохижилтын ажилд сайн оролцсон нийт дайчиддаа баярлалаа. Энэ хугацаанд ангийн захирагчийн тушаалаар цэргийн цолоор давхардсан тоогоор 73 хугацаат цэргийн албан хаагч, ангийн байлдааны тугийн дэргэд 14 хугацаат цэргийн алба хаагч дурсгалын зураг татуулж, нийт давхардсан тоогоор 84 алба хаагч шагнуулсан байна. Ингээд хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, халагдаж буй хугацаат цэргийн алба хаагчдынхаа цаашдын ажил, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, өндөр амжилтыг хүсье” гэлээ.

Энэхүү баярын үйл ажиллагааны үеэр ангийн байлдааны тугийн дэргэд зураг авахуулж, дурсгал болгох шагналаар түрүүч А.Түвшинтөр, байлдагч Г.Мөнхцэрэн, Г.Ганзориг, ахлах түрүүч цолоор дэд түрүүч М.Сүхбат, Б.Отгонбулаг, Б.Анар, Б.Оюунбат, Б.Өсөх-Эрдэнэ, түрүүч цолоор ахлах байлдагч У.Ганзориг, Э.Хосбаяр, Э.Бат-Эрдэнэ, Б.Дөлгөөн, Б.Батсүх, дэд түрүүч цолоор ахлах байлдагч О.Мөнх-Эрдэнэ, Н.Бямбадорж, Д.Түмэнбаяр, Б.Төмөрчөдөр, Б.Оюунбат, П.Хангарьд, С.Бат-Амгалан, И.Сандаг-Очир, З.Харчин, Э.Хишигжаргал, У.Ууганбаяр, О.Отгонбаяр нарыг шагналаа.


Ахмад хилчин дэд хурандаа Г.Ганбаатар гуай мөн сэтгэлийн үгээ хэлсэн юм. Тэрээр, Монгол Улсынхаа өмнө хүлээсэн хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж, өөрийн биеэр хаасан та бүхэндээ ахмад хилчдийнхээ өмнөөс халуун баяр хүргэе.  Энэ алба хаасан нэг жилийн хугацаа та бүхний амьдралд тод томруунаар үлдэж, эргэн дурсаж байх түүхээр баян мөч юм. Сэлэнгийн хилийн хэсэг бол Монгол Улсын хамгийн түүхээр баян нутаг гэдгээрээ алдартай, онцлогтой. 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгалын ялалт, хятадын хар цэргийг хөөн гаргаж байсан, Та нарын хариуцаж байсан хилийн цэс ийм л түүхтэй нутаг юм шүү. Энэ бүхнийг орон нутагтаа очоод бахархан ярьж байгаарай. Хойч үедээ хилийн цэргийн хэцүү бөгөөд хүндтэй, сайхан албыг ярьж байгаарай. Хүүхдүүд минь та нар улс нийгэмдээ ихийг бүтээгээрэй. Эрүүл саруул, сайн сайхан амьдраарай хэмээн ерөөлийн үгээ айлдлаа.

Ингээд хилчин дайчдынхаа сэтгэлийн үгийг хүргэе.


Энэ ангид ирсэнээр би их зүйлийг сурсан

-Намайг түрүүч Г.Хүрэлсамбуу гэдэг. Би Булган аймгийн Булган сумаас 2018 оны 1-р ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн. Энэ ангидаа бүтэн нэг жилийн хугацааг үдээд одоо буцах гэж байна. Энэ ангид ирсэнээр би их зүйлийг сурсан. Тухайлбал хүнтэй хэрхэн зөв харьцах уу, ажлыг яаж зөв хийх үү,мөн хүнтэй яаж зөв боловсон харьцах вэ гээд. Би энэ ангид анх ирэхдээ морь унахдаа маруухан байсан. Одоо бол маш сайн морь унаж, дарга нараасаа үгийг маш сайн сонсдог болсон. Тэгээд 0243-р ангийнхаа дарга нар болон нийт хугацаат цэргийн алба хаагчдынхаа цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.


Хилийн багана дээрээс наран мандахыг харах тэр сайхан аз завшааныг биеэрээ ирж үзээрэй

-Намайг дэд түрүүч Г.Төгөлдөр гэдэг. Би Булган аймгаас 2018 оны 1-р ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн. Хилийн цэрэгт ирэхээсээ өмнө цэрэг гэдэг юу вэ гэж хүмүүсийн амнаас их олон зүйлийг сонсдог байсан. Гэтэл ирээд хүнтэй харьцахаас авахуулаад эв нэгдэл гэж юу байдаг, хамтын ажиллагаа, зөв боловсон байдал, хүнийг төлөвшүүлэх замд хөтөлж өгдөг гэдгийг ойлгосон. Би ангидаа ирээд ой тайгын бүсийн хилчдийн урлагийн их наадмаас бүжгийн төрлөөр хүрэл медаль хүртсэн. Хилийн цэрэгт ирсэндээ би өөртөө их бахархаж явдаг. Хойшдын хугацаат цэргийн албанд үүрэг гүйцэтгэх эр цэргүүд, анд нөхөд, дүү нартаа захихад эр цэрэг гэдэг бол, монгол эр хүн болж төрсөнийх, биеэрээ заавал хаах жинхэнэ алба мөн шүү. Хилийн багана дээрээс наран мандахыг харах тэр сайхан аз завшааныг биеэрээ ирж үзэээй гэж хэлье. Мөн ангийнхаа ахлагч, офицерүүдэд ажлын амжилт, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв ахмуудын нэг бол цэргийн албанд ирсэн явдал

-Намайг Г.Дөлгөөн гэдэг. Би Улаанбаатар хотоос 2018 онд 1-р ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн. Түрүүч цолтой. Хамт нэг жилийн хугацаанд алба хаасан бүх нөхөддөө тэдний ар гэр болон ангийнхаа хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв алхмуудын нэг бол цэргийн албанд татагдан ирсэн явдал гэж бодож байгаа. Цаашдаа дүү нартаа хилийн цэрэгт ирж алба хаагаарай, хилийн манаанд явах ямар сайхан байдгийг өөрийн биеэр ирж мэдрээрэй гэж хэлмээр байна. Эр хүн тийм л аз жаргал байдаг байх гэж бодож байсан. Тэр аз жаргал бол хил манах юм билээ. Үнэхээр гайхамшигтай мэдрэмж бол тэр.    

Тиймээ. Хугацаат цэргийн алба хаагчид ийн өгүүлж байна. Эх орноо хайрлахын үнэн утга учрыг хилчид л мэднэ. Тэд ам уралдан хугацаат цэргийн албаа нэр төртэй хааснаа, хилийн цэрэгт ирсэнээрээ бахархаж байгаагаа ярьсан. Цэргийн амьдралаас олж авсан амьдралын зөв хэмнэл, хүнийг хүндэтгэх, хайрлах, хүнээс үг сонсох, эмх цэгц, эв нэгдэл, нийтэч байдлаа амьдрал дээр гараад бүгд хэрэгжүүлээрэй гэж тэд он жавууддаа уриалж байлаа.  

相关新闻