Нэгэн цаг үед алдраа дуурсгаж явсан эмч, сувилагчдаа алдаршуулан мөнхжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-03 14:53:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн 110.0 мянга орчим хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж үйлчилчилдэг эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчид гурван өдрийн турш ажил мэргэжил, урлаг, спортоор авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын 1300 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан албан хаагчдын төлөөлөл болсон 250 гаруй албан хаагчид оролцсон энэхүү олон төрөлт спортын тэмцээн, уралдааны энэ жилийн салбарын шилдгээр Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Хүүхдийн сувилал, Баянгол сумын Эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн даатгалын тасгийн хамтарсан “Титэм” багийн хамт олон шалгарч шилжин явах цомын эзэд болжээ.

Харин удаах байруудад аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Арга билиг”, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Түнхэл, Хэрх зэрэг Эрүүл мэндийн төвүүдийн хамтарсан “Хараа” багийнхан шалгарч 2019 оны шилдгийн шилдгүүд болсон байна.

Дөрөв дэх жилдээ болж буй энэ удаагийн үйл ажиллагаа Дэлхийн эмч нарын өдөр, Олон улсын эх баригч, сувилагч нарын эрхийг хамгаалах зэрэг олон тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд болж буйгаараа онцлогтой юм. Салбарын хамт олны дунд уламжлал болж байгаа энэхүү арга хэмжээг жилээс жилд чанаржуулж агуулгыг нь баяжуулах зорилгоор аймгийн ЭМГ-ын хамт олон өнгөрсөн жилээс эхлэн ажил мэргэжлийн болон урлаг, спортын уралдаан тэмцээнүүдээ тус салбарт он удаан жил ажиллаж байсан эмч, сувилагч нараа алдаршуулах, эргэн дурсах зорилгоор ийнхүү нэрэмжит болгон явуулж байгаа ажээ.

Энэ утгаар өнгөрсөн жил дөрвөн эмчийг алдаршуулсан бол энэ жил 12 эмч, сувилагч нарын гэгээн дурсгалыг хүндэтгэн, тэдний нэрэмжит болгон явуулжээ. 

相关新闻