Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэрлэн суманд өнөөдөр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-05-06 10:28:51

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нарынхаа хамтаар өнөөдөр Хэнтий аймгийн төв Хэрлэн суманд  ажиллаж байна.

Тэрбээр өчигдөр Жаргалтхаан, Мөрөн суманд ажиллан, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, энэ үеэрээ олон чухал асуудлыг газар дээр нь шийдэж өгөв. Тухайлбал, 47 жилийн өмнө баригдаж хуучирч, муудсан Жаргалтхаан сумын ЕБС-ийг ирэх онд 320 хүүхдийн хүчин чадалтайгаар багтаамж, стандартыг нь нэмэгдүүлж барихаа дуулгалаа. Мөн эрчим хүчний чадал нь хүрэлцдэггүйгээс хүчдэл нь байнга унадаг байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд 3,2 тэрбум төгрөг зарцуулж, энэ оны есдүгээр сард багтааж нэмэгдүүлэхийг Эрчим хүчний сайдад үүрэг болгов. Жаргалтхаан суманд онцгой байдлын бүлгийг 12 хүнтэйгээр байгуулахаар боллоо. Түүнчлэн суманд фургон автомашин хүлээлгэж өглөө. Сумын иргэд Засгийн газрын тэргүүнээс нийгэм, улс орны талаар асуулт асуун хариулт авч, шударга ёс, хариуцлага, дэг журам тогтоож буй үйлсийг дэмжиж байгаагаа илэрхийлж байв.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Мөрөн суманд ажиллаж дараах асуудлуудыг шийдлээ.
Хэнтий аймгийн хүнсний ногооны хэрэгцээний 40 хувийг хангадаг Мөрөн сумын ногоочид гар аргаар ногоогоо тарьж буй цөөн хэдэн сумын нэг юм. Иймээс таван га газрын усалгааны системийг шийдвэрлэж өглөө. Мөн трактор, 60-70 метрийн гүний худаг гаргаж бариулахаар боллоо. Түүнчлэн соёлын төв, ерөнхий боловсролын сургууль шинээр барьж байгуулахаар боллоо.
Яг одоо Монгол Улсын Ерөнхий сайд Хан Хэнтий чуулгад Хэнтий аймгийн төрийн албан хаагчидтай уулзаж, Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцуулж байна.




相关新闻