ХАБЭА-н баруун бүсийн чуулганд 4 аймгийн 150 гаруй хүн оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн баруун бүсийн чуулган” боллоо.
Чуулганд
Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н үндэсний хорооны дарга
С.Мөнгөнчимэг тэргүүтэй албаныхан, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн нутгийн
захиргаа болон дэд бүтцийн салбар байгууллагын ажилтан, ажил олгогчдын төлөөлөл
150 гаруй хүн оролцсон юм.
Энэ удаагийн чуулган
ХАБЭА-н талаар төрийн бодлого ба талуудын байр суур, хэрэгжүүлж буй туршлага, анхаарах асуудал, зөвлөмж гэсэн гурван хэсгээр
үргэлжиллээ. Энэ үеэр ХАБЭА-н хяналтын
тогтолцоо, ослыг тэглэх алсын хараа, удирдлагын шинэ хандлагын талаар хэлэлцэж,
баруун бүсийн хэмжээнд энэ чиглэлээр тулгамдаж буй зүйлс, шийдвэрлэх арга замын
тухай санал солилцов.
Чуулганд оролцогчид
ажилтны эрүүл, аюулгүй орчинд ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх, ХАБЭА-н хууль
тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс
урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллахаар санал нэгдлээ.
Мөн ХАБЭА-н стандарт, дүрэм журамд нөхцөл байдлын үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг сургалтад хамруулах, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж хэвших, энэ талаар иргэд олон нийтэд мэдээлэл түгээх, аж ахуйн нэгж байгууллагууд жил бүр ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг санал гаргав. Зөвлөгөөний үр дүнд гарсан саналыг боловсруулж, дээд шатны байгууллагад уламжлах замаар төр засгийн бодлого шийдвэрт тусган ажиллана гэж албаныхан мэдээллээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ерөнхий чиглэлийн 10 гаруй дүрэм, журам, 145 орчим стандарт бий.