Дөргөн сум бэлчээрийн менежментийн дунд хугацааны төлөвлөгөөтэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 22 дугаар тогтоолоор “Бэлчээр ашиглалтыг сайжруулах хөтөлбөр” /2019-2022 он/ баталсан байдаг. Тус хөтөлбөрийг орон нутагт сурталчлах, хэрэгжүүлэх зорилгоор Дөргөн сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, “Бэлчээрийн менежментийн дунд хугацааны төлөвлөгөө” боловсруулж эхэллээ.
Энэ хүрээнд Мерси
Кор Монгол Олон улсын байгууллагаас “Бэлчээрийн менежментийн дунд
хугацааны төлөвлөгөө” боловсруулах зөвлөх үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан
аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хүнс хөдөө аж ахуйн
газар, Бэлчээр ашиглагч холбоо, Мерси-Кор ОУБ-ын холбогдох мэргэжилтнүүд болон Ховд
Их сургуулийн биологи, газар зүйн тэнхимийн багш нарын зүгээс сумын бэлчээрийн
менежментийн дунд хугацааны төлөвлөгөө боловсруулахад анхаарах зүйлс, малчид, иргэдийн саналыг
тусгах зарчмын талаар ажлын хэсгийнхэнд мэргэжил
арга зүйн зөвлөгөө өгчээ.
Тухайн ажил нь 3 үе
шаттайгаар хэрэгжих бөгөөд дараагийн
шатны ажил тавдугаар сарын 15-17-нд хэрэгжих юм.
Дөргөн сум бэлчээрийн
менежментийн төлөвлөгөөтэй болсноор бэлчээр ашиглах бүх нийтээр дагаж мөрдөх
журмаа бүртгүүлэх, гэрчилгээжүүлэх, гэрээг байгуулж, улмаар нөхөрлөл, хоршоо
байгуулан цахим бүртгэлтэй болох аж.
Нэг суманд загвар төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлснээр сүүлийн жилүүдэд
яригдсан бэлчээрийн даацын асуудлыг шийдвэрлэх, малчид өр зээлгүй, олон малын
хойноос хөөцөлдөж ядрахгүй, бэлчээрээ булаалдахгүй зэрэг эерэг үр дүн бий болох боломжтой гэж албаныхан үзэж байна.