Нобелийн шагналтан Монгол судлаачидтай хамтарсан судалгаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-03-28 12:45:09

БСШУ-ы сайд Л.Гантөмөр Япон улсын Нагояа их сургуулийн доктор, профессор, Нобелийн шагналт Амано Хирошиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Тэрбээр цэнхэр Лед гэрлийг 1990 онд зохион бүтээж, 2014 онд Физикийн салбараас өөрийн багш  Исами Акасаки болон профессор Шужи Накамурагийн хамтаар Нобелийн шагнал хүртсэн юм.

Уулзалтын үеэр БСШУ-ы сайд Л.Гантөмөр хэлэхдээ, “Бид Монгол Улсыг шинжлэх ухааны орон болгохоор зорьж байна. Монгол хүн мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлж мэдлэгийн эдийн засагтай орон болох эхлэлийг цэцэрлэгийн наснаас эхлээд дээд боловсролд хүртэл шинэчлэн тавьж байна. Энэ зорилго биелэхэд та бүхний дэмжлэг бидэнд хэрэгтэй. Монгол Улсаас таны шавь нар олноороо төрнө гэдэгт итгэлтэй байна” гэв. 

Профессор Амано Хироши нь Монгол Улсад гурав хоногийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж Монголын эрдэмтэн, судлаач, оюутан, сурагч нарт “Лед гэрлээр дэлхийг гэрэлтүүлэх нь” сэдвээр нээлттэй лекц унших юм.

Мөн МУИС болон ШУТИС-ийн лабораторитай танилцах бөгөөд Нагояа их сургуулийн болон өөрийн нэрэмжит лабораторид Монгол Улсаас оюутан сургах хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болоод байгаа юм. Ингэснээр Монголын эрдэмтэн, судлаач нар Нобелийн шагналт профессорын лабораторид судалгаа хийх боломжтой болж байна.

Цэнхэр Лед гэрлийг зохион бүтээснээр амьдралын салшгүй хэсэг болсон хавтгай дэлгэц, гар утас, таблетууд болон гэрлийн лампууд өнөөдрийн түвшинд хүрч хөгжжээ. Энэ бүтээлийн эдийн засагт үзүүлсэн хувь нэмрээс дурдвал 2013 оны байдлаар дэлхийд 17.7 тэрбум долларын борлуулалт хийж 250,000 ажлын байр бий болгосон байна.

2014 онд зах зээлд борлуулсан гэрлийн лампны 32 хувь нь Лед гэрэл бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй технологи гэдгээрээ ирэх 5-10 жилд огцом өсөх хандлагатай байна. Лед гэрэл нь энгийн гэрлээс 100 дахин удаан асах боломжтой бөгөөд цахилгаан зарцуулалт нь 80 хувь бага байдаг юм. Дэлхийн нийт цахилгаан зарцуулалтын 20 хувийг гэрэлтүүлэг эзэлдэг бол Лед гэрэл үүссэнээр энэ нь 4 хүртэлх хувиар буурах боломжтой болжээ.

Ж.Болор

相关新闻