"ТОП-100 ААН"-ийг уул уурхай, банк санхүүгийн компаниуд тэргүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар МҮХАҮТ хамтран эрэмбэлдэг "Монголын ТОП-100 аж ахуйн нэгж" тодров. Тэдэнд өнөөдөр Төрийн ордонд өргөмжөл-Алтан гэрэгэ гардууллаа.
Монгол Улсын бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, нийгэм, эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж буй 2018 оны ТОП-100 ААН-үүдийн эхнийхэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тодорсон бол, удаалаад “Эрдэнэс-Тавантолгой” болон “Оюутолгой” компаниуд нэрлэгдлээ. Цааш нь жагсаавал, ХААН банк, “Энержи ресурс”, “Монголын Алт” (МАК), “НИК” ХК, ХХБ, “Голомт”, УБТЗ ХНН, “Ти Ти Жи Ви Си Өү” болон “Ай Си Ай Си”, ХАС болон Төрийн банк, “АПУ”, “Мобиком”, “Вагнер Ази тоног төхөөрөмж”, “Говь”, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Цайрт минерал”, “Тийсс Монгол”, “Номинтав трейд”, “Тавантолгой”, “Сод Монгол групп”, “МИАТ” ТӨХК, ДЦС-4, “Рэдпаф”, Монгол Улсын Хөгжлийн банк, “Юнител”, “М-Си-Эс кока кола”, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Шунхлай”, “Болд төмөр Ерөө”, “Петростар” компаниуд эрэмбэлэгдэж байна.
ТОП-100 ААН-ийг эрэмбэлэх
ёслолыг бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нээж хэлсэн үгэндээ, “Улс орны хөгжилд жин дарж буй шилдэг
ААН-үүдийн борлуулалтын нийт орлого өмнөх оныхоос 5 их наяд төгрөгөөр өсөж 30
их наяд болсон нь ДНБ-ийн 96 хувьтай тэнцэж байгаа”-г онцолж байв. Нийт
төлсөн татварын хэмжээ 2017 онд 3.2 их наяд төгрөг байсан бол, 2018 онд 4.1 их наяд болж, 29 хувиар
өсөж Монгол Улсын нийт татварын орлогын 50 хувийг бүрдүүлж байна гэв.
Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлэхдээ, энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын ДНБ-ий өсөлт 8.6 хувьд хүрч сүүлийн 5 жилийн дээд түвшинд хүрч буйг дуулгаад, "Засгийн газрын тэргүүний хувиар Монгол Улсын нийгэм, эдийн засагт ТОП-100 аж ахуйн нэгжийн оруулж байгаа хувь нэмэр жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг зориуд цохон тэмдэглэж, Та бүхэнд чинь сэтгэлийн талархал илэрхийлж байна” гэв. Тэрээр "Засгийн газар эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгасан макро эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилтуудаа бизнес эрхлэгчид та бүхэнтэйгээ хамтран амжилттай хэрэгжүүлж ирлээ. Манай орны зээлжих зэрэглэл сайжирч 2018 оны эхэнд В3 зэрэглэлд хүрснээр арилжааны банкууд, хувийн хэвшлийн ААН-үүдийн зээлжих зэрэглэл сайжрах нэн таатай суурь нөхцөлийг бүрдүүлснийг онцлон тэмдэглэе.
2018 оны ТОП-100 ААН-ийн орлогын нийт хэмжээг ДНБ-тэй харьцуулахад, 96 хувьтай байгаа нь 2015 оныхоос 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. ТОП ААН-үүдийн олгосон ажлын байрны тоо нийт ажил олголтын 6.6 хувийг эзэлж байгаа нь өмнөх оныхоос өсжээ. Энэ мэт өсөн нэмэгдэж байгаа үзүүлэлтүүдийг ирэх жилүүдэд улам бүр бататган, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөг хадгалсаар байх болно гэдэгт итгэлтэй байна" гэв.ТОП-100 ААН-үүдийг Сангийн
яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Статистикийн
үндэсний хороо зэрэг төрийн байгууллагуудын хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны
мэдээ, тайланд үндэслэн эрэмбэлдэг юм. Манай улсын шилдэг ААН-үүдэд уул уурхай, банк, санхүү, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээний компаниуд
зонхилж байна.
Тодруулбал, худалдаа
үйлчилгээний салбарын 24, уул уурхай, олборлох салбарын 21, газрын тосны
хангамжийн 11, хүнсний үйлдвэрлэлийн 10, найман банк санхүүгийн байгууллага
байна. Орон нутгаас 15 аймгийн 25 компани багтжээ. Гэхдээ эхний 30 ААН-ийг уул
уурхай, банк санхүү, харилцаа холбооны компаниуд тэргүүлж байна.
Энэ жил ТОП-100 ААН-үүдийг
18 жилдээ тодрууллаа.
Б.Болд
Гэрэл зургийг Б.Чадраабал