Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг тавьж дуусгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2019-05-24 16:37:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж байгаа Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг тавьж дууссан талаар УБТЗ нийгэмлэгээс мэдээллээ.

Тодруулбал, УБТЗ-ын зам засварын машинт станц, замын 4-р ангийн төмөр замчид, үндэсний компаниудтай хамтарч энэхүү замыг жил хүрэхгүй хугацаанд тавьж дуусгажээ.

Монгол Улсын томоохон бүтээн байгуулалт болох нефть боловсруулах үйлдвэрийн төмөр зам нь 27 км юм. Уг замыг “Улаанбаатар төмөр зам” ХНН тавьж, “Тайван хайрхан”, “Билэгт зам”, “Хурдны зам”, “Торгон харгуй” гэсэн үндэсний дөрвөн компани газар шороо, далан барих дээр туслан гүйцэтгэгчээр ажиллажээ. Р-65 маркийн төмөр замын бэхэлгээ, төмөр бетон дэрийг европ стандартаар тавьсан шинэ төмөр зам нь хүнд жинтэй, урт галт тэрэг дамжин өнгөрөх хүчин чадалтай юм.


Энэхүү зам манай улсын шатахууны хэрэгцээг хангах чухал үүрэгтэй төмөр зам болоод зогсохгүй зүүн тийш үргэлжлүүлэн, тавих төмөр замын эхлэл болж байгаагаар давхар ач холбогдолтой юм гэж УБТЗ-ын төслийн ажлын хэсгийн дарга З.Отгонтөр хэлж байна. “Энэ замыг монголчууд өөрсдөө ийнхүү тавьж дуусгасан нь дараа дараагийн шинэ төмөр замын төслүүд дээр монгол инженер техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдыг ажиллуулах ихээхэн нөөц байгааг харуулжээ. Одоо эрчим хүч, дохиолол холбоо, өртөөний барилгыг төмөр замчдын баярын өмнө дуусгахаар шамдаж байна. УБТЗ-ын хамт олон Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэсэн нь удахгүй тэмдэглэх түүхт 70 жилийн ойдоо барьсан том бэлэг болж буйг онцолж байна.

相关新闻