Зорилтот бүлгийн хүүхдүүдэд халамжийн үйлчилгээ үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
Сүхбаатар сумын ЗДТГ-аас 15 дах жилдээ зохион
байгуулж буй “Халамж” нэгдсэн үйл ажиллагаанд зорилтот өрхийн 300 хүүхэд хамрагдлаа.
Зорилтот бүлэг рүү чиглэсэн уламжлалт энэхүү ажилд “Алтан тариа” ХХК, “Залуус бэйкэри” ХХК, Сүхбаатар сумын 2-р цэцэрлэг, ЕБ-ын 3-р сургууль, “Миний Монгол” КаТВ, тус сумын хувийн хэвшлийн ААН, байгууллагууд, худалдаа үйлчилгээний газрууд, халуун усны газрууд, үсчин гоо засалчдын холбоо зэрэг олон байгууллага хамтран оролцжээ.
"Халамж" нэгдсэн үйл
ажиллагаанд оролцож буй хүүхдүүд дээрх иргэд, байгууллагын ах, эгч нарынхаа сэтгэлийн
бэлэг болсон амтат жимстэй тараг, бялуу, зайрмаг, ундаа жүүс зэрэг олон төрлийн амтатнаар дайлуулж, баярын бэлэг гардан авцгаалаа. Мөн хүүхдүүд үнэ төлбөргүй халуун усанд
орж, үсээ засуулан, халуун хоол цайгаар үйлчлүүлсэн байна. Олон Улсын хүүхдийн
эрхийг хамгаалах өдрийг угтан явуулдаг энэхүү халамжийн үйлчилгээг жил бүр
уламжлал болгон явуулсаар 15 жил болжээ.