2016 оны тариалалтыг хэвийн явуулах боломж олгохыг хүслээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооноос өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийх үеэрээ 2016 оны тариалалтыг хэвийн явуулах боломж олгохгүй бол өөрсдийн эрх ашиг, үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор ирэх сарын 15-нд Чингисийн талбайд 10 мянган тариаланчдын хүрзтэй жагсаал хийнэ гэдгээ мэдэгдэв.
Уг хуралд холбооны тэргүүн Л.Цандэлэг, УЗ-ийн гишүүн Л.Чинбат, Б.Эрдэнэбат нар оролцсон юм.
Тэд энэ үеэр хэлэхдээ, "Өнгөрсөн онд цаг агаарын халалт болон ХХААЯ, БОНХАЖЯ-наас үүлэнд зориудаар нөлөөлж хур бороо оруулах ажлыг хийгээгүйгээс шалтгаалан нийт ургацынхаа 80 гаруй хувийг алдаж, үр тариа эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүд 50 гаруй жилийн түүхэндээ хамгийн хүнд хэцүү цаг үетэй тулгараад байна. Иймд 400 орчим тэрбум төгрөгийн бодит хямрал амсаад байгаа нөхцөл байдалд үндэслэн Засгийн газар газар тариалангийн салбарт бодит гамшиг нүүрлэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх, 70 гаруй аж ахуй нэгжид олгосон импортын квотын зөвшөөрлийг ирэх сарын нэгнээс өмнө хүчингүй болгох, энэ оны хэрэгцээт улаанбуудайн хэмжээ, үнийг дээр дурдсан хугацаанд зарлах шаардлагатай" гэв. Түүнчлэн ХХАА-н сайд Р.Бурмааг салбартаа алдаатай бодлого явуулсан хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд ирэх сарын нэгний дотор огцруулахыг шаардаж байгаагаа хэллээ.
Тариаланчид Засгийн газрын 42 тоот тогтоолоор батлагдсан Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг дөрөвдүгээр сарын нэгний дотор олгуулахыг хүсч байв.
Э.Бат-Уянга