Абилимпид амжилттай оролцсон мэргэжилтнүүдэд шагнал гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМАбилимп буюу хөгжлийн бэршээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын тэмцээнд анх удаа оролцсон Монголын баг гурван мөнгөн медаль, нэг тусгай байрын шагнал авч, өнөөдөр эх орондоо ирлээ.
Монголын багаас Хог хаягдал дахин ашиглах төрөлд оролцсон Б.Болормаа, арьсан урлалын төрөлд оролцсон урлаач Т.Мөнхтуул, мотоцикл угсрах төрөлд өрсөлдсөн автын механикч Г.Шижир-Эрдэнэ нар мөнгөн медаль, Ч.Тунгалагтуяа уран зургаар тусгай байр эзэлсэн байна. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд таниулсан Монгол мэргэжилтнүүдийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Мөн тэрбээр Б.Болормаа, Т.Мөнхтуул, Г.Шижир-Эрдэнэ нарыг Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр, тусгай байр эзэлсэн Ч.Тунгалагтуяаг Хөдөлмөрийн яамны жуух бичгээр шагнав.
Францын Бордо хотноо болсон энэхүү тэмцээнд дэлхийн 37 орны 700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн 50 мэргэжлээр ур чадвараа сорьсон. Тэмцээнд Монголын баг хог хаягдал дахин ашиглах, уран зураг, оёдол, арьсан урлал, компьютер угсрах, вэб сайт, системийн удирдлага, нарийн боов, хоол хийх, вааран эдлэл, модон сийлбэр, мотоцикл угсрах гэсэн 11 мэргэжлээр өрсөлдсөн юм. Багийн гишүүдийн хоёр нь тулгуур эрхтэний, найм нь сонсголын, нэг нь харааны бэрхшээлтэй ч эзэмшсэн мэргэжил, ур чадвараараа бусдыгаа манлайлсан уран гартнууд билээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ