Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг эрчимтэй ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-18 19:28:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ-ноос өнөөдөр “Санхүүгийн салбарын комплаенс” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Санхүү болон бизнесийн ёс зүй, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх талаар хэлэлцсэн хэлэлцүүлэгт Азийн сангийн суурин төлөөлөгч, Дэлхийн банк, АХБ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Австрали, Их Британи улсын Элчин сайд нар, УЕПГ, Монголбанк, санхүүгийн бусад байгууллагын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийн талаар СЗХ-ны Ажлын албаны дарга Б.Ариунаагаас тодруулахад, “Комплаенс гэдэг өргөн хүрээтэй, үүнд санхүүгийн салбарын ёс зүйгээс аваад хэрэглэгчийн эрхийг хамгаалах гээд олон үзүүлэлтийг хамарч ойлгодог. Эндээс өнөөдөр бидэнд хамгийн ихээр тулгамдаад буй нь санхүүгийн салбарт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа болоод байна” гэв.


Тэрээр, “Яагаад ингэж байна гэхээр 2016 онд Ази, Номхон далайн бүсийн байгууллагаас Монгол Улсын санхүүгийн салбарын мөнгө угаахтай тэмцэх үнэлгээг хийгээд хангалтгүй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, манай улс саарал жагсаалт руу орох магадлалтайг бидэнд сануулсан. Үүний үндсэн дээр манай улсын санхүүгийн салбарт төр засгаас аваад бүхий л шатны байгууллага үүн дээр анхаарч ажиллах, комплаенсын зарчмуудыг нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ талаар манай улс эрчимтэй ажиллаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын явцаас сонсож мэдээллээ танилцуулсан” гэв.


Өнөөдрийн хэлэлцүүлгийг санхүүгийн салбарт оролцогч байгууллагууд комплаенс буюу мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй холбоотой үйл ажиллагааны талаар хэр мэдлэгтэй байгааг “шалгах”, нэг ёсондоо тэдгээр шалгуур үзүүлэлтүүдийн талаар мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулжээ. Энэ талаар СЗХ-ноос санхүүгийн байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ болон хяналт шалгалт хийж байгааг мэдээллээ.

Комплаенс гэдэг нь хэрэгжүүлэх, сахиулах гэсэн англи үгнээс гаралтай, санхүүгийн салбарт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэж буй зарчмуудыг хэрэгжүүлж сахин биелүүлэх гэсэн зорилготой юм. “Санхүүгийн салбарын комплаенс” хэлэлцүүлэг нь хоёр дахь жилдээ болж буй бөгөөд өнгөрсөн оны хэлэлцүүлгээр санхүүгийн салбарын дотоод хяналт, уламжлалт арга ажиллагааг комплаенсын орчин үеийн жишигт нийцүүлэн шинэчлэх талаар хэлэлцэж байжээ.

 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻