Малчид төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх талаар санал их гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар аймгийн
хэмжээнд “Иргэнд ойр-төрийн үйлчилгээ” арга хэмжээ зохион байгууллаа.
Хүнс,
хөдөө аж ахуйн газар санаачлан Мал эмнэлгийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс,
Эрүүл мэндийн газартай хамтран 15 сумын 39 багийн 309 малчин өрхийн 694 малчид
иргэдтэй уулзан, мэдээлэл танилцуулга хийж, санал хүсэлтийг сонсож, харилцан мэдээлэл
солилцжээ.
Хөдөөгийнхөн
залуу малчдад сургалт хийх, худаг гаргах, бэлчээр сэргээх, тэжээлийн ургамал
тариалах, хадлангийн талбайг хамгаалах, мал эмнэлгийн ажлыг сайжруулах, малын
вакцины хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, малын татвар авах зэрэг саналыг ихэвчлэн
гаргасан байна.
- Малчдад
сумын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд, багийн засаг дарга нар хамтран
мал аж ахуйн талаар гарсан хууль, тогтоомжийн талаар мэдээлэл сурталчилгаа явуулах,
албан ёсны бүртгэлгүй, баталгаагүй эм тариаг малчид малдаа их хэрэглэж байгаа учраас
малын эмийн зохистой хэрэглээний талаар сургалт хийх, хөдөө аж ахуйн чиглэлийн
төрийн бус байгуулага, мэргэжлийн холбоодтой хамтран малчдын сургалт зохион байгуулах
талаар аймгийн удирдлагад санал тавиад байна гэж Мал үржлийн албаны дарга
М.Жавзандолгор ярилаа.
Малчид
төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх талаар санал их гаргасан байна. Малын эмч
нарыг өөрсдийн ах дүү хамаатан садан, танил талдаа үйлчилдэг, мал хорогдсон
дуудлага өгөхөд ирдэггүй, зарим эмч нар малаа алаад дээжээ аваад ир гэдэг гэсэн
гомдлыг их гаргажээ.