Нийгэмшүүлэх өдөрлөгөөр гэр бэлэглэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЗамын-Үүд дахь Сум дундын прокурорын газраас хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн болон Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан хүмүүст зориулж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор Цагдаагийн хэлтэс, Тамгын газартай хамтран өдөрлөг зохион байгуулсан байна.
Цагдаагийн байгууллагаас хяналтанд байгаа ялтан, түүнд хэрхэн хяналт тавьж байгаа, Мэргэжлийн хяналтын газраас архи согтууруулах ундааны хэрэглээ, архины хор хөнөөл, Нийгмийн халамжийн ахлах мэргэжилтэн Э.Саранцэцэг нь хорих ангиас суллагдсан хүмүүст олгох, уналга, хоолны зардлыг хэрхэн авах, нийгмийн халамж, тусламж үйлчилгээ үзүүлэх талаар тус тус мэдээлэл хийжээ. Өдөрлөгийн үеэр хорих ял эдэлж байгаад Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдсан Б-д таван ханатай гэрийг тусламж болгон өгчээ. Мөн хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн, хорих ял эдлээд суллагдсан долоон хүнийг ажлын байранд зуучлан, хүмүүст мэргэжил олгох үүднээс үнэ төлбөргүй барилгын засал, чимэглэлийн богино хугацааны сургалтанд хамруулан мэргэжлийн үнэмлэх олгох талаар Дорноговь аймгийн хөдөлмөрийн хэлтэст албан бичиг хүргүүлсэн байна.
Ж.Батсайхан