С.Амарсайхан: Улаанбаатар хот шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжинө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.
“Улаанбаатар эдийн засгийн чуулган-2019” өнөөдөр “Блю
скай” зочид буудлын хурлын танхимд эхэллээ.
Чуулганыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Нийслэл Улаанбаатар хотод тулгарч буй олон зүйл бий. Улс орны эдийн засаг, нийгмийн аж амьдрал төвлөрснөөр бас давуу тал их бий. Бид хотоо хөгжүүлэхдээ нөөц бололцоогоо ашиглан, шинжлэх ухааны үндэслэлтэй, олон талын оролцоотой шийдэл, гарцыг гарган хамтран ажиллана. Ингэснээр цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэх, үр ашиг, өрсөлдөх чадварыг бий болгох ач холбогдолтой юм.
Нийслэлийн эдийн засгийн өсөлтийг хангахын тулд бид
хотдоо бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдүүлж хөрөнгө оруулалтын бодлогыг
хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан санхүүжилт, хөрөнгө оруулалтын шинэлэг тогтолцоог
нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж, цаашдын хамтын ажиллагаа тогтвортой үргэлжилнэ”
гэлээ.
Чуулганы нээлтэд УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд, хотын МАН-ын дарга Д.Сумьяабазар оролцож үг хэлэхдээ, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хотын хөгжилд чиглүүлэхийг уриалж, “Бид миний хот, бидний хот гэсэн сэтгэлээр бүгд баг болон нийслэл хотынхоо хөгжил, дэвшлийн төлөө ажиллах хэрэгтэй байна. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн дараагаар УИХ нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай хэлэлцэнэ” гэдгээ мэдэгдсэн юм.
Чуулганы нээлтэд мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман оролцож үг хэлсэн юм. Тэрээр, “Бид бүгдээрээ 2030 оны Улаанбаатар хотыг төсөөлж нэг харъя. Цэвэр, тохилог, ухаалаг, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан хот байхаар төсөөлж байна. Үүний төлөө юу хийх талаар хариу авах гэж бид өнөөдөр цуглаад байна” гээд Монгол Улсын нийслэлийн удирдлага хотын хөгжилд хувийн хэвшлийн оролцоог ханган ажиллах гэж буйд таатай байгаагаа илэрхийлсэн юм.
Залуусын хот, хотын хөдөлгөөн, тээврийн шинэчлэл, хотын хэрэглээ, хотын эдийн засаг гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд чуулганы үеэр нийслэлийн харьяа байгууллагуудын хийсэн Улаанбаатар хотын нийгэм-эдийн засгийн судалгаа, тооцооллын үр дүнг олон нийтэд анх удаа, нээлттэй танилцуулж байна.
Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагуудын хийсэн, шинжлэх
ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаанд суурилсан нийгэмд үр өгөөжтэй
төслүүдийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх сэдвээр илтгэл
тавьж хэлэлцүүлж байна. Мөн хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын
төслүүдийг танилцуулж, хамтын ажиллагааны хэлбэр, нөөц, боломжуудын талаар
санал солилцож байна.
Чуулганд НИТХ-ын
төлөөлөгчид, “Улаанбаатар” худалдааны танхимын гишүүд, олон улсын
байгууллагын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, эрдэм
шинжилгээний байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Чуулганы үеэр нийслэлийн харьяа байгууллага, компани, үйлдвэрийн газрууд болон хувийн хэвшлийнхний шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн гарч байна.
Б.Болд
Гэрэл зургуудыг Б.Чадраабал