"Далай ээж" олон улсын эко аян үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх зорилгоор манай улсад зохиож буй "Далай ээж" олон улсын эко соёлын аян дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Аяны хүрээнд өнөөдөр “Холидэй инн” зочид буудалд “Усны эрх-хүний эрх: Хөвсгөл нуурын хамгаалал” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал болох юм. Хурлаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Австралийн судлаач Грейг Мейсон нар “Хүний эрхийн адил байгаль дэлхий ч өөрийн эрхтэй байдаг” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлнэ.
Маргааш буюу долдугаар сарын 9-нд “Далай ээж” олон улсын хөгжмийн үдэш “On^n off” продакшны хөгжмийн ордонд зохион байгуулна. Тоглолтыг МУСТА дуучин С.Наран нар хөтөлж, МУГЖ Ө.Уянга, МУСТА Т.Дэлгэрмөрөн зэрэг дуучид, гадаад, дотоодын урлагийн бүрэлдэхүүн өргөнөөр оролцоно.
Хөвсгөл нуурын байгаль экологи болон соёлын үнэ цэнийг
дэлхийд таниулах “Далай ээж” олон улсын эко
соёлын аянд дэлхийн өнцөг бүрээс
байгаль хамгаалагчид, сайн дурынхан, хуульчид, урлаг соёлынхныг хамарсан найман
орны 25 төлөөлөл манай улсад ирж нэгдээд
байгаа юм.
Долдугаар сарын 19
хүртэл үргэлжлэх "Далай ээж" олон улсын эко соёлын
аяныг "Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн", "Түгээмэл эрх
хөгжил", "Дөрөв дэх өнцөг", "Захиргааны шинэ санаачлага"
ТББ-уудын санаачлан зохион байгуулж байна.
Б.Болд