Монгол, Польшийн гадаад худалдааг 100 сая еврод хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-07-09 14:30:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Польшийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий бизнес уулзалт өнөөдөр Туушин зочид буудалд боллоо.


Монгол, Польш улс жилд 60 сая еврогийн худалдаа хийдэг байна. Үүний дийлэнх ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн болон жимс, жимсгэнэ эзэлдэг байна. Тиймээс хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох, уул уурхай, хөдөө аж ахуй, цахилгаан автобус үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд өнөөдрийн хурлын зорилго оршиж байна. Дээрх боломжийг бүрдүүлснээр хоёр орны гадаад худалдааны эргэлтийг 100 сая еврод хүргэх боломжтой гэдгийг зохион байгуулагч нар онцолж байв.


Batbayar Nadmid-н зураг.

Энэ талаар Польшийн Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн дэд ерөнхийлөгч Крзиштоф Сенгер, “Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд нэн тэргүүнд манай улсын аж ахуйн нэгжүүдэд Монголын бизнес, хууль эрх зүйн орчны талаар мэдээлэл өгөх шаардлагатай. Түүнчлэн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал бол санхүүжилт. Тиймээс Полшийн банкууд Монголын аж ахуйн нэгжүүдэд урт хугацаатай, бага хүүтэй зээл олгох боломжтой тухайгаа өнөөдрийн уулзалтын үеэр танилцууллаа. Цаашдаа энэхүү зээлийг ямар нөхцлөөр, хэрхэн олгох талаар нарийн судлах болно. Манай орны бизнес эрхлэгч нар Монголын сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн болон цахилгаан автобус үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа” хэмээв.


Batbayar Nadmid-н зураг.

Харин МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин, “Польш бол барилгын материал болон хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч орны нэг. Энэ оны эхний таван сард манай аж ахуйн нэгжүүд Польш руу 71 сая ам долларын бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн бол тус улсаас 25 сая ам.долларын худалдан авалт хийсэн байна. Өнөөдрийн чуулганаар Польш улсын банкууд Монголын аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгохоос гадна уул уурхайн  түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож, европын зах зээлд гаргах хамтарсан үйлдвэр байгуулах асуудлыг хөндөж байна. Энэ бүх ярьсан асуудлыг ажил хэрэг болгохын төлөө МҮХАҮТ хичээн ажиллах болно” хэмээв.

相关新闻