Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын “Фитч” агентлаг энэ сарын 4-ний өдрийн
байдлаар Монгол Улсын урт
хугацааны зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр, богино
хугацааны зээлжих зэрэглэлийг мөн “В” хэвээр үлдээсэн
байна.
Тус агентлагаас
“Монгол Улсын эдийн
засгийн өсөлт тогтворжиж, төсвийн болон засаглалын үзүүлэлтүүд сайжирч
байна. Энэ нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд эерэгээр нөлөөлөв” гэсэн байна. Гэвч Монгол Улс эдийн засгийн
хязгаарлагдмал суурьтай хэвээр, гадаад нөөцийн хамгаалалт (buffer) хангалтгүй,
улс төрийн тогтворгүй байдал нь эдийн засгийн бодлогыг огцом өөрчлөх нөхцөл
байдлыг үүсгэх эрсдэлтэй зэрэг үндэслэлээр зээлжих зэрэглэлийн үнэлгээг
хэвээр үлдээжээ.
Монгол улсын төсвийн ашиг
2018 онд ДНБ-ийн
2.6 хувьд хүрч, баталсан төсөв “Фитч” агентлагийн төсөөлсөн дүнгээс давсан
байна. Орлогыг нэмэх шинэ зүйл хийж, хэрэгжүүлээгүй хэдий ч 2019 оны 5 дугаар
сарын төслийн гүйцэтгэлийн мэдээгээр орлого болон зардал тогтвортой
өссөн байна.
Төсвийн
гүйцэтгэл сайжирч, эдийн засгийн сэргэлт үргэлжилснээр Засгийн газрын нийт өр
(GGGD) огцом буурч буй вм. “Фитч” агентлагийн суурь төсөөллөөр 2019 оны
эцэст Засгийн газрын өр ба ДНБ-ий харьцаа 60 хувьд хүрч, 2020
оноос эхлэн алгуур буурах хандлагатай байна. Гэвч төсвийн алдагдал өндөр
байх магадлалтай тул Монгол Улсын Засгийн газрын өр ба ДНБ-ий харьцаа “B”
зээлжих зэрэглэл бүхий улс орнуудын медиан (49 хувь)-аас их байх таамагтай
байна хэмээн мэдээлжээ.