Амарбаясгалантын нутгаас эрдэмтэн мэргэд олноор төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-07-17 13:59:43

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Амарбаясгалант хийд нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт оршдог. Баруунбүрэн бол өмнөх системийн үеийн "Өрнөлт" нэгдэл, Бургалтайн сангийн аж ахуйн үүсэл газар аж. Монгол Улс тусгаар тогтнолоо олохоос өмнө Ахай гүн Лувсанхайдавын хошуу хэмээн нэрлэгдэж байжээ.

Ахай гүн энгийн хүн байж. Иргэдтэйгээ хамт наадаж тоглож, морь уургалдаг, өндөр ямба хэргэмийн хувцасаа ёслолын бус цагт өмсдөггүй хүн байсан гэдэг.

Ахай гүний өвөлжөө Баруунбүрэн сумын нутагт бий. Хошууны төвөө тухайн жилийн өнгө, газрын гарцыг харгалзаад нүүдэллэн амьдрах олныгоо даган нүүлгэдэг байсан гэдэг. Монгол Улсад хамгийн олон анагаах ухааны доктор, эрдэмтэд төрсөн нутаг бол Амарбаясгалант.

1930-аад оны дунд үеэс сүм хийдүүдийг татан буулгаж лам нарыг баривчлахад Амарбаясгалант хийдийн том лам нар бараг бүгд баригдан цаазлуулж, олон арван жилийн ял авсан гэдэг. Тэднээс атар газар эзэмших анхдугаар аян эхлэхээс бүр өмнө тракторчин болсон гавж Дашваа БНМАУ-ын хөдөлмөрийн баатарын болзлыг гурван удаа биелүүлж "Сүхбаатарын одон"-гоор шагнуулж байжээ.

Мөн тракторч-комбайнч Баастын Батаа ажил үйлсээрээ манлайлж энэ САА-гаас хөдөлмөрийн баатар цол хүртсэн байдаг. Сэлэнгэ аймгийн анхны "Гавьяат малчин" цол хүртсэн Ж.Нямсүрэн гуай энэ нутгийн буурал...гээд амжилт бүтээлийн эзэд үргэлжилнэ.

Амарбаясгалант хийдийн бурхануудыг лам нар хэдэн шөнө зөөж нуусан гэдэг. Тэдний хамгийн том нь суугаа хүний дайтай алтан бурхан байсан тухай хуучцуул ярина. Баруунбүрэн сумын нутагт Бичигтийн эрүүний чулуун овоолгын эртний сүг зураг, буган хөшөө, Автай сайн хааны гантиг чулуун гэрийн буйр, Шилүүстэй уулын өвөрт цэргийн хүрээ байрлаж байсан газар, хааны өвөлжөөний туурь, Агуйн амны нэн ховор агуй гээд түүхийн асар үнэт зүйлс энэ нутагт бий хэмээн зохиолч, яруу найрагч Т.Доржсүрэн өгүүллээ. 



相关新闻