Монголын автотээврийн мэргэжлийн холбоог байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМАвтотээврийн салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа хэд хэдэн холбоо нэгдэж Монголын автотээврийн мэргэжлийн холбоог байгуулжээ.
Уг мэргэжлийн холбоонд Монголын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Логистикийн холбоо, Нийтийн зорчигч тээврийн хөгжлийн консерциум, Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо нэгдэн орсон байна.
Зах зээлийн эдийн засагт шилжсэн өнгөрөгч 26 жилд автотээврийн хөгжлийг судалж, төлөвлөдөг институцигүй болж, салбарын хөгжлийн цогц бодлого, эрх зүйн орчин алдагдаж, санхүүжилт, хөрөнгө оруулалтын зохицуулалт, боловсон хүчингүй явж ирснээс үүдэн тус салбар тогтолцооны хувьд цааш хуваагдах аргагүй болтлоо жижгэрэн задарч байгааг өөрчлөх цаг нь болсон хэмээн тэд үзэж дээрх шийдвэрийг гаргажээ. Иймд бодлого боловсруулагч, төрийн захиргааны байгууллагууд болон бусад ТББ-уудыг салбартай холбоотой асуудлаар хамтарч ажиллахыг холбооны удирдлагууд уриалав.
Монголын автотээврийн мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн А.Мөнхболд, “Бид холбоо байгуулснаараа олон тархай бутархай байгууллагуудын мэргэжлийн боловсон хүчин, тээвэр төлөвлөлт гэх зэрэг ярвигтай асуудлыг судалгаа, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдэх бүрэн боломжтой боллоо. Мөн цаашид хийх төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар хэлэлцэж, улстөрийн намуудын сонгуулийн хөтөлбөрт батлуулахаар өргөн барина” гэв.
Э.Бат-Уянга
Гэрэл зургийг Н.Батбаяр