Таван орны геологичид бүс нутгийн судалгаагаа нэгтгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хойд
болон төв Ази, зүүн хойд Азиийн геологийн гүний үйл явц төслийн IV үе шатны судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний
хурал өнөөдөр “Гранд хилл” зочид буудалд эхэллээ.
Хурлын талаар Геологийн судлагааны төвийн ерөнхий геологич Г.Мөнхзулаас тодруулбал, “ОХУ, БНХАУ, Монгол Улс, Казахстан, БНСУ-ын геологичдын уулзалт жил бүр болдог уламжлалтай. Ээлжит 17-р уулзалтыг энэ онд манай улс зохион байгуулж байна. Энэ удаагийн уулзалтад дээрх таван орны геологийн байгууллагын 44 төлөөлөл ирээд байна. Казахстан улсаас Уул уурхай хариуцсан дэд сайд ирсэн. Бидний уулзалт ашигт малтмалын геологийн судалгаа, шинжилгээний талаар хэлэлцэж буй боловч энэ нь Хойд болон төв Ази, Зүүн хойд Азийн бүс нутгийг хамарсан геологийн зүй тогтоцыг судалж буй шинжлэх ухааны хамтарсан төсөл юм.
Төсөл маань одоо IV үе шатандаа ороод явж байна. Энэ шатанд Монгол Алтайн нурууны бүс нутгийн нарийвчилсан судалгааг хийхээр тохирсон бөгөөд ОХУ, Казахстан зэрэг бусад орны геологичид
оролцож байна” гэв.
ОХУ, БНХАУ, Монгол Улс, Казахстан,
БНСУ-ын геологичдын судалгааны өмнөх уулзалтуудаар бүс нутгийн хэмжээни геологийн тогтоц,
зүй тогтол, ашигт малтмалын мэдээллүүдээ баяжуулж, 3-5 саятын маштабаар хэвлэн
олон улсад танилцуулж иржээ. Өнгөрсөн оны хурал БНСУ-ын Чежү аралд болсон байна.
Энэ удаагийн хурлаар төслийн IV үе шатны нарийвчилсан судалгааны талаар улс дор бүрнээ хийж буй ажлаа танилцуулж мэдээллээ солилцож байна. Хуралдаанаар судалгааны мэдээллийг нэгтгэн Энэтхэг улсад ирэх сард болох Олон улсын геологийн судалгааны Их хуралд танилцуулж олон улсын сэтгүүлд нийтлэнгэдгийг тэрээр онцолж байв. "Таван орны геологичдын хамтарсан судалгааны ажил дараагийн V-VI үе шатаар үргэлжлэх үү?" гэсэн асуултанд Геологийн судлагааны төвийн ерөнхий геологич Г.Мөнхзул, "ОХУ, БНХАУ зэрэг томоохон улсуудын хувьд геологийн судалгааны үе шатаа цаашид үргэлжлүүлэн, Иран, Ирак, Афганистан зэрэг орон руу чиглүүлэх санал гаргаж байгаа. Эцсийн шийдэл хараахан хүрээгүй байна" гэв.
“Хойд болон төв Ази,
зүүн хойд Азиийн геологийн гүний үйл явц төслийн IV үе шатны судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний
хурал нь мөн Монгол Улсад геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд
болж буйг УУХҮЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн
Д.Алтанхуяг тодотгож байв. Олон улсын геологичид хоёр өдөр хуралдаад хээрийн
судлагаа хийхээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумыг зорих юм.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр