“Монгол-Хятадын экспо”-д оролцох ААН-үүдийг бүртгэж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийслэл Хөх хот болон мөн Улаанцав, Тунглио хотод ирэх сарын 06-10-нд “Монгол-Хятадын экспо” болно.
Гурав дахь удаагаа болж буй уг экспод оролцох манай улсын ААН-үүдийг өнөөдрөөс эхлэн МҮХАҮТ болон Монголын Үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо, мөн “Мишээл экспо” ХХК компани зэрэг бүртгэж байна. Учир нь энэ удаагийн үзэсгэлэнд оролцох ААН-үүдийн зохион байгуулалт, ложистик, бүртгэлийг дээрх гурван байгууллага хариуцан ажиллах юм. Экспод бэлтгэх Монголын талын ажлын баг өнөөдөр ХХААХҮЯ-нд хуралдлаа.
Экспогийн зохион байгуулалтад ХХААХҮЯ-наас гадна ГХЯ, БСШУСЯ, ЭМЯ, ЗТХЯ, Гаалийн ерөнхий газар МХЕГ, УБТЗ, Стандарт, хэмжил зүйн газар хамтран оролцож байна. БНХАУ-ын талаас экспогийн үзэсгэлэн-худалдаанд хорио цээртэй малын гаралтай бүх төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, зөгийн бал, гахайн өөх, гахайн махан бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүнийг хүлээж авах боломжгүйгээ мэдэгдсэн байна. Харин мах махан бүтээгдэхүүний хувьд зөвхөн БНХАУ-д экспортын зөвшөөрөлтэй ААН-үүд оролцох боломжтой юм.
“Монгол-Хятадын экспо” энэ удаа үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалт гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд болох юм.