Нийслэлийн иргэдийн 68 хувь нь харшлын өвчинд өртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД“Харшлын эсрэг 7 хоног” тэмдэглэлт өдрийг энэ жил “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ба ургамлын тоосны харшил” уриан дор энэ сарын 4-10 хооронд зохион байгуулж байна.
ДЭМБ-ын мэдээгээр дэлхийн хүн амын 20 хувь нь харшилтай хэдий ч түүнийг бүрэн төгс эмчлэх арга хараахан гараагүй байна. Биднийг хүрээлэн буй ихэнх зүйлс /тоос, хөгц, шавьж, ахуйн болон химийн бодис/ бие махбодод нэвтрэхэд дархлалын тогтолцоо хэт идэвхжиж, эмгэг хариу урвал /харшил/ үүснэ.
Ургамлын тоосны харшлын үед төрөл бүрийн модлог ургамал, бутлаг ургамал, бургас, өвс ургамал, үр тариа, ногоон навчит ургамал, зарим цэцгийн тоосны аллергенүүд нь харшил үүсгэгч болдог.
Ургамлын дохиурын тоосны шалтгаант харшил өвчнөөр бүх насны хүмүүс өвчилдөг ба дэлхийн нийт хүн амын 5-30 хувь нь жил бүр өвчилж байгаагаас ОХУ, Казахстанд нийт хүн амын 15 хувь, Финляндад 14 хувь, Чех ба Италид 13 хувь, Англид 12 хувь, Испанид 5 хувь хүртэл тохиолдож 10 жил тутам өвчлөл ихэсч залуужиж байгааг мэдээлжээ.
Тухайн нутаг орны байгаль цаг уурын онцлог, ургамлын аймаг, ургамалжилт, нийгэм экологийн олон хүчин зүйлээс шалтгаалж улирлын чанартай тохиолдох цэцэгт ургамлын дохиурын тоосны харшил өвчний үүсэх нөхцөл шалтгаан бүс нутгаар өөр өөр байдаг онцлогтой.
Монгол орны ургамлын аймагт нийт зүйлийн 7.2 нь 203 зүйл харшлын шалтгаант ургамал тэмдэглэснээс 40 гаруй зүйл ургамал нь харшлын өвчин үүсгэх онцгой шинж чанартай ажээ.
Улаанбаатар хотын иргэдийн 68,3 хувь нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосны шалтгаантай амьсгалын замын харшлын өвчинд өртсөн байна.
Ж.Болор