Японд амьдардаг монгол ээжүүд хүүхдүүдэд тоглоом илгээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЯпон улсад ажиллаж амьдардаг монгол бүсгүйчүүд хөдөөгийн цэцэрлэгт хүүхдийн тоглоом илгээжээ. Тоглоомыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн хүүхдүүдэд хүлээлгэн өгсөн байна.
Тоглоом хүргэж авчирсан С.Отгонжаргал бүсгүй хэлэхдээ, Япон улсад ажиллаж, амьдардаг бүсгүйчүүд фэйсбүүк хуудаснаа ээжүүдийн групп нээн хоорондоо харилцаа холбоо тогтоосон байдаг. Өнгөрсөн 12 дугаар сард цэцэрлэгийн тогооч бага насны хүүхэд зодсон тухай таагүй мэдээ цахим хуудсаар тарж, сэтгэл ихэд эмзэглүүлж байсан. Хүүхэд хүчирхийлэлгүй, хамгийн таатай орчинд хөгжиж суралцаж, өсч хүмүүжих учиртай. Тиймээс тэр таатай орчинд нь бага ч гэсэн хувь нэмэр оруулъя гэж бид ярилцаад тоглоом цуглуулсан юм гэлээ.
Тоглоомыг үлгэрийн цуврал ном дагалдсан байна. Дараагийн удаад Япон улсын сургуулийн өмнөх боловсрол олгох сургалтын аргазүй, туршлагаас суралцахад нь тус цэцэрлэгийн багш нарт туслах, сургалтын хэрэглэгдэхүүн бэлэглэх зэргээр “Ээжүүдийн групп”- ийнхэн хөдөөгийн цэцэрлэгт сайн дурын үйл ажиллагаагаа хандуулсаар байх ажээ.
Т. Отгонтуяа