“Доной” нисэх буудлын хатуу хучилттай зурвасыг нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Завхан аймаг дахь “Доной” нисэх буудлын хатуу хучилттай
зурвасыг ашиглалтад оруулаад байна.
Тус буудлын
хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нисэх онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвас бүхий
аэродромын иж бүрэн барилга байгууламжийг ашиглалтад өгөөд байгааг Улсын комисс хүлээн авах ёслолд ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан,
УИХ-ын гишүүн З.Нарантуяа, аймгийн удирдлага оролцов.
Нисэх буудлын талбай, зурвас бүхий иж бүрэн аэродром, ус зайлуулах суваг зэрэг ажлыг “Хурдны зам” ХХК гүйцэтгэжээ. ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан энэ онд зам, тээврийн салбарт томоохон бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж буйг дурдаад, “Доной” нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, аэродромыг өргөтгөсөн нь нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээг өргөжүүлэх, нислэгийн тоог нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулах бодлогод дэмжлэг болохуйц үйл явдал боллоо” гэдгийг онцлон тэмдэглэв.
Нисэх буудал шинээр ашиглалтад орсноор орон нутагт ирэх зочид гийчдийн хөл ихсэж, хөдөө орон нутагт аялал жуулчлалаас эхлээд эдийн засаг хөгжих таатай боломж бий болж буйг Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлж байв.
Завхан аймгийн “Доной” нисэх буудал нь 1956 онд Улиастай хотоос 32
км-т орших Алдархаан сумын
нутаг Донойн хөндийд байгуулагдаж байжээ. 1999 онд сансрын холбооны
төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдож “МИАТ”, “ТАС”, “Блю
Скай” зэрэг компаниудын агаарын
хөлөг нислэг үйлдэж эхэлсэн байна. 1987-1994 онд АН-24, АН-26, АН-30 зэрэг
онгоц хүлээн авч байгаад 1994-2002 онд аймгийн урд дэнжид шилжиж очсон бөгөөд
2002 онд Донойн хөндийд шинээр онгоц хөөрч, буух сайжруулсан шороон зурвас
бүхий нисэх буудлын барилга байгууламж барьжээ. Ингэснээр нисэхийн аюулгүй
ажиллагаа болон нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллах нөхцөл бололцоог
бүрдүүлж, зорчигчдод үйлчлэх орчин бүрдэж үйл ажиллагаа нь тогтмолжсон байна.