Н.Ариунбаяр: Мотоспорт бол миний мөнхийн хобби
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Жар гаран жилийн түүхтэй мотоспортын талаар монголчууд бид төдийлөн сайн мэддэггүй. Хурд хүч, авхаалж самбаа сорьсон, эрсдэл дагуулсан экстрим спортын төрөлд шилдэг нь болно гэдэг санаснаар болох зүйл биш. Эрсдэл дагуулахын хэрээр авах таашаал, мэдрэмж нь нэмэгддэг гэх энэ залууг Нарангэрэлийн Ариунбаяр гэдэг. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг бизнесмэн хүн гэхэд ажлаасаа илүү гарахгүй баймаар. Гэтэл өөртөө зориулсан цаг завыг зөв тийш нь удирдаж сурснаар хоббигоо хөгжүүлэх эхлэлийг тавьжээ.
Тэрбээр саяхан NomadicOff-RoadNomadic Xtreme Husqvarna Motorcycles MongoliaLiquiMoly-оос зохион байгуулсан улсын аварга шалгаруулах тэмцээний Mongolia EnduroMotoCross буюу сүүлийн үед Xtreme спортын төрөлд хүч түрэн дэлгэрч буй төрөлд амжиттай оролцож 44 тамирчнаас тусгай байрын шагнал хүртжээ. Мотоспортоор дөрөв дэх жилдээ хичээллэж байгаа ч өдгөө мэргэжлийн тамирчидтай энэ тэнцүү өрсөлдөж экстрим спортын төрөлд хүчтэй өрсөлдөгч гэдгээ батлан харуулсан залуу тамирчин Н.Ариунбаяртай хөөрөлдлөө.
- Аймгийн баяр наадмын нээлтэд оролцож сэтгэл хөдөлгөсөн үзүүлбэр үзүүлснийг санаж байна?
-Хэнтий аймгийнхаа баяр наадмын нээлтэд оролцох нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Тухайн үед ОУХМ Э.Халиунболдын хамт оролцсон. Үзэгч олны сонирхлыг татсан үзүүлбэр болсон гэж ярьж байсан.
- Мотоспортыг анх сонирхож эхэлсэн түүхээсээ хуваалцаач?
-Өөрөө мотоцикл унах сонирхолтой байсан. Тэгээд гурав дөрвөн жилийн өмнөөс яг спортын чиглэлээр нь илүү сонирхож эхэлсэн. Хотод Индоро гээд шавар, мод зэрэг байгалийн бартаа ашигласан мотоциклын уралдааны төрөл байдаг. Түүнд би анх өөрийн сонирхлоороо оролцож туршлага хуримтлуулж авсан. Түүнээс хойш жил дараалан оролцож энэ жил тусгай байр эзэллээ.
- Улсын аваргад оролцоход шалгуур тавих уу?
-Экстрим спортын төрөл бол Монголд ид хөгжиж байна. Техник хэрэгсэл, биеийн хамгаалалт тоноглол зэрэг нь өртөг өндөртэй. Гэсэн хэдий ч бүх шаардлагыг хангасан байх ёстой.
- Бэлтгэл сургуулилт хэр хангагдсан байсан бэ?
-Бэлтгэл сургуулилт тийм ч хангалттай хийж чадаагүй. Тэр бүү хэл сүүлийн нэг сарын турш мотоцикл уналгүй байж байгаад тэнд очоод найзынхаа мотоциклыг унаад оролцсон. Өөрийн гэсэн багшгүй би гэдэг хүн зүгээр л сонирхолдоо хөтлөгдөж явна даа. Бусад оролцогч бол мэргэжлийн багш дасгалжуулагчтай дандаа клубийн тамирчид байдаг. Тэд байнга бэлтгэлээ хийдэг, уралдах зам дээрээ яваад үзчихсэн гээд надтай харьцуулахад маш олон давуу талуудтай байсан.
- Хэдэн мотоциклтой вэ?
-Хоёр мотоциклтой. Ерөнхийдөө их үнэтэй унаа. Жишээ нь 2018 оны шинэ загварын мотоцикл гэхэд гурван төрлийн моторын үзүүлэлтээс шалтгаалаад 20-25 сая төгрөгийн хооронд байна. Залуучууд сүүлийн үед сонирхож байгаа. Гэвч өндөр үнээр аваад зөвхөн хоббигоо дагана гэвэл их хэцүү шүү дээ.
- Аймагт танаас өөр тамирчин бий юу? Улсын аваргад хэдүүлээ явсан бэ?
-Аймагт надаас өөр тамирчин байдаггүй. Ер нь орон нутгаас их цөөхөн тамирчид оролцдог юм байна лээ. Сэлэнгэ, Дархан, Хэнтийгээс нэг нэг тамирчин орсон. Бусад нь хотынх байсан.
- Хэрвээ хятад мотоциклоор бартаат замд уралдвал яах вэ?
-Хятад мотоцикл бол зөвхөн ахуйн хэрэглээнд унах зориулалттай. Хэрвээ бартаат замд уралдаж туршиж үзэх бодолтой байгаа бол амиа хорлохтой л ижил зүйл болно шүү. Уралдааны мотоциклын тухайд бол адаглаад эд анги нь бат бөх, өндөр чанартай хийгддэг. Тиймээс энэ бол тоглоом биш.
- Цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна даа?
-Аймагтаа энэ спортыг хөгжүүлэхээр найзтайгаа хамтран клуб байгуулах бодолтой байна. Цагдаагийн Бадрал гээд авто спорт сонирхдог залуу байдаг. Тэгээд цаашдаа аймгийнхаа нэрээр уралдаан тэмцээнд оролцдог болох юм. Хамгийн гол нь хэнтийчүүд маань үүнийг спорт гэдэг талаас нь ойлгож хүлээж аваасай гэж хүсч байна.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.