Монголын өсвөрийн шатарчид 36 медаль хүртээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТӨсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ манай улсад анх удаа болж байгаа бөгөөд монголын өсвөрийн шатарчид амжилттай өрсөлдөж өнөөдрийн байдлаар 36 медаль хүртээд байна.
Тус тэмцээнд Австрали, Хятад, Энэтхэг, Индонези, Иран, Казахстан, Киргизстан, Малайз, Шинэ Зеланд, Сингапур, БНСУ зэрэг нийт 18 орны 470 гаруй өсвөрийн шатарчин оролцож байгаа юм. Өсвөрийн шатарчдын АТАШТ нь түргэн /Блиц/, түргэвчилсэн /Рапид/, стандарт /Classic/ гэсэн гурван төрлөөр болж байна. Тэмцээний түргэвчилсэн (рапид) тоглолтын тэмцээн ням гарагт болж 438 шатарчин швейцарь системеер 7 өрөг тоглож, 42 багц медалийн төлөө өрсөлдөн дүнгээ гаргаж 6 орны тамирчин медаль зүүлээ.
Тухайлбал, Монголын баг 9 алт, 5 мөнгө, 7 хүрэл нийт 21 медаль Вьетнамын баг 2 алт 1 мөнгө 4 хүрэл нийт 7 медаль, Энэтхэгийн баг 1 алт, 5 мөнгө, 2 хүрэл нийт 8 медаль, Казахстаны баг 1 алт, 1 мөнгө нийт 2 медаль, Ираны баг 1 алтан медаль, Узбекстаны медаль 2 мөнгө 1 хүрэл нийт 3 медаль тус тус хүртсэн байна. Өсвөрийн шатарчдын АТАШТ анх удаа 6 хүртэлх насны ангиллыг МШХ-ны саналаар оруулсан.
Манай шатарчдаас 6 хүртэлх насны ангилалд алтан медалийг Б.Амарбат, хүрэл медаль Б.Ерөөлт нар хүртэв. Охидын ангиллын алтан медалийг Г.Энх-Уянга, мөнгөн медалийг М.Пагмадулам, хүрэл медалийг Б.Хүслэн нар хүртжээ. Харин 6 хүртэлх насны охидын Рапидын төрөлд Г.Энх-Уянга 7 өргөөс 7 хожиж түрүүллээ. 8 хүртэлх насны ангилалд А.Очир-Эрдэнэ, Д.Өнөрзул нар мөнгөн медаль, А.Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн бол 10 хүртэлх насны ангилалд Е.Төгстөмөр, Д.Мөнхзул нар алтан медалийн эзэн болов.
Ц.Тэнгис 12 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль, Г.Амартүвшин, Э.Номин нар хүрэл медаль тус тус хүртсэн бол 14 хүртэлх насны ангилалд Ё.Эрдэмдалай, Т.Мөнхзул нар алтан медаль, С.Тамир хүрэл медалийн эзэн боллоо. Харин 16 хүртэлх насны ангилалд Б.Гарьдмагнай алтан медаль, Б.Амина хүрэл медаль зүүлээ. Мөн 18 хүртэлх насны ангилалд Э.Болдоо, Ү.Үүрийнтуяа нар алтан медаль, Б.Ганчимэг мөнгөн медаль тус тус хүртлээ.
Тивийн АШТ-ий хоёр төрлийн дараах байдлаар Монгол Улс алт 13, мөнгө 9 хүрэл 14 нийт 36 медаль хүртээд байгаа бол Энэтхэг улс алт 5 мөнгө 7 хүрэл 6 нийт 18 медаль, Вьетнам улс 5 алт 4 мөнгө 5 хүрэл нийт 14 медаль, Узбекстан 2 алт 3 мөнгө 1 хүрэл нийт 6 медаль, Казахстан 2 алт 2 мөнгө нийт 4 медаль, Иран 1 алт 2 мөнгө 2 хүрэл нийт 5 медаль хүртээд байна. Харин Киргизийн баг 1 мөнгөн медаль хүртжээ.
Д.Өлзий